Я.Бат-Ирээдүй: Дэлхийн хурдацтай эдийн засагтай хөл нийлүүлэн алхъя гэвэл бид өөрсдөө хөгжих ёстой

Thumbnail

Я.Бат-Ирээдүй: Дэлхийн хурдацтай эдийн засагтай хөл нийлүүлэн алхъя гэвэл бид өөрсдөө хөгжих ёстой

2020-03-18 geosociety1996 397 0 Мэдээ

Монголын Геологийн холбооны VI чуулган өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын шийдвэрээр геологич Я.Бат-Ирээдүйг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Геологийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэнтэй MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

Би геологийн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид мэргэжлийнхээ дагуу ажиллаж ирсэн. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн хүндхэн жилүүдэд ч өөрийн мэргэжлээрээ үнэнч  зүтгэж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг 1986 онд дүүргэж ирээд тухайн үеийн Геологи, уул уурхайн яамны харъяа Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний хүрээлэнд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ж.Бямбаа докторын удирдлага дор Монгол орны региональ (бүс нутгийн) судалгааны ажил хийж байлаа. Дараа нь, Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, мөн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар анх байгуулагдахад Монгол орны региональ судалгааны ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Монголын сор болсон эрдэмтэдтэй ойр дотно ажиллаж байснаараа би бахархаж явдаг. 

Геологи бол өргөн хүрээг хамардаг, маш том байгалийн шинжлэх ухаан. Миний хувьд эртний буюу кембрийн өмнөх үеийн геологийн хөгжлийн түүхийг судалдаг цөөхөн хүмүүсийн нэг л дээ. Сүүлийн 10 гаруй жил эрэл хайгуулын чиглэлийн төслүүд дээр дагнан ажиллаж байна.

Геологи, хайгуулын судал­гааны ажил уул уурхайн үйлдвэрлэлээсээ дор хаяж 15-20 жилээр түрүүлж, төлөвлөгөөтэйгээр хийгддэг байсан үе бий. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ төрлийн судалгаа алдагдаж, улсаас нарийвчилсан эрэл, хайгуулын ажлуудад хөрөнгө мөнгө зарцуулахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
Геологийн судалгааг 15-20 жилээр түрүүлж хийж байж л ашигт малтмалынхаа түүхий эдийг бэлтгэх нь хэнд  ч ойлгомжтой. Социализмын үед геологи, хайгуулын салбарт   их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, салбарын өмнө маш тодорхой зорилго тавьж ажиллаж байсны хүчинд зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан. Мэдээж зах зээлийн нийгэмд шилжихдээ гадны хөрөнгө оруулагчдад ихээхэн боломж олгосон хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг хийж чадсан. Энэ бол маш их ахиц дэвшил болсон боловч бид эрх зүйн орчноо олон удаа өөрчилсний улмаас энэ нь эргээд салбарын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.
 

Ерээд оноос өмнөх геологи, хайгуулын салбарын хөгжлийг эргэн харахад улсын төсвөөс багагүй хөрөнгө  мөнгө гаргаж бодит ажлууд  хийдэг байжээ.  Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөс геологийн  анхан шатны судалгааны ажлыг  явуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг гаргаж байгаа  хэдий ч  энэ хөрөнгө оруулалт нь үнэхээр хангалтгүй, мөн нарийвчилсан эрэл, хайгуулын ажилд зарцуулах эдийн засгийн боломжийг хааж байна. Тэгэхээр эрдэс баялгийн түүхий эдийг гадны хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн тусламж дэмжлэггүйгээр явуулах боломжгүй юм. Социализмын он жилүүдэд газрын гадаргуу дээр илэрсэн орд илрэлүүдийг судалж, тухайн цаг үедээ нийцүүлэн ашигладаг байлаа.  
 

Энэ нь ихэвчлэн шатах ашигт малтмал, жонш болон барилгын түүхий эд болон мөн тодорхой хэмжээний цөөн тооны метал ашигт малтмалын түүхий эдийг тухайн үеийн улс орны эдийн засаг, орон нутгийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж байсан байна. Түүнээс биш дэлхийн зах зээлд дээр гарах хэмжээний орд тухайн үед Эрдэнэтээс өөр байгаагүй. Зөвхөн Эрдэнэтийн уурхайг нээж илрүүлэхийн тулд тэнд геологи, хайгуулын судалгааг маш олон жил явуулсан байдаг. 

Геологийн судалгааны ажилд буюу ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхэд 2019 онд улсын төсвөөс 24.6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь өмнөх оныхоос бага зэрэг нэмэгдсэн хөрөнгө оруулалт. Гэхдээ өнөө­дөр тэтгэврийн зээлийг тэглэх  800 тэрбум төгрөгийн дэргэд бол энэ маш өчүүхэн хөрөнгө оруулалт шүү дээ.
 

Энэ хэмжээний мөнгөн дүн нь тоймлон тооцоход зөвхөн нэг ордын хайгуулын ажлын гүйцэтгэл шаардагдах хөрөнгийн хэмжээний 50%-д хүрэхтэй үгүйтэй хөрөнгө юм.  Мэдээж улс орны эрх ашгийн хувьд эрэл-хайгуул болон нарийвчилсан хайгуулын ажлыг явуулах нь нэн шаардлагатай. Ингэж байж л эдийн засгийн үр ашигтай  томоохон ордыг бие даан олж тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр улсын төсвөөс геологын салбарын хэмжээнд зарцуулж байгаа 24 тэрбум төгрөг үнэндээ юу ч биш гэдэг нь эндээс харагдана. Арай зөөлрүүлж хэлбэл геологи, хайгуулын ажлын голыг нь тасалчихгүйхэн шиг үргэлжлүүлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ юм. 
Гэхдээ төр засаг маань энэ салбарыг тогтвортой байлгахын тулд ийм хэмжээний хөрөнгө гаргаж байгаа нь геологийн зураглал, ерөнхий эрлийн чиглэлийн судалгааны ажлыг гүйцэтгэх боломжоор хангаж байна. Ерөнхий эрлийн ажлаараа олон зуун эрдэсжсэн цэг илрэлүүдийг тогтоодог. 

Тэрхүү эрдэсжсэн цэг илрэл буюу геохимийн бүсчлэлийн хэсгүүдэд ямар нэгэн байдлаар орд хайх боломж магадлал өндөр байдаг юм. Төсвөөс гаргаж байгаа зардлын хэмжээнээс шалтгаалан шинээр орд нээж илрүүлэх боломж нөхцөл хомс байна. Нэг метр өрөмдлөгийн ажилд ойролцоогоор 100 ам.доллар зарцууллаа гээд бодъё. Лавтай 10 мянган  метр өрөмдөөд ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Ганцхан энэ жишээгээр гэхэд хайгуулын ажлын гүйцэтгэлд ямар их хэмжээний зардал гардаг нь тодорхой байгаа биз дээ. Өнөөдөр Монгол Улс газрын гадаргууд ойрхон орд илрэлүүдээ бараг бүгдийг нь тогтоочихсон гэж хэлэхэд болно. Тэгэхээр бид газрын гүн рүүгээ орж судлахгүйгээр шинээр орд илрүүлэх тухайд яриад ч нэмэргүй л болчихоод байна. 

Сансар болон агаар, эрлийн геофизикийн аргыг геологийн судалгаанд өргөн хэрэглэж, ашигт малтмалын орд илрүүлэх талаар яригддаг. Энэ хэр боломжтой хувилбар вэ?
Нэг ордыг илрүүлэхэд дунджаар 10-15 жил зарцуулдаг. Жил болгон зарцуулдаг хөрөнгө нь тухайн төлөвлөсөн ажлын хэмжээнээс хамаардаг. Тухайлбал, нэг ордыг хамгийн багадаа жилдээ 3-5 сая ам.долларын хөрөнгө оруулалтайгаар бүтэн арван жилийн хугацаанд зарцууллаа гэж үзвэл 30-50 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах нь. Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулж байгаа 24 тэрбум төгрөг нэг ордыг хайж олох зардлын 50%-д  ч хүрэхгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Ашигт малтмалын ордыг илрүүлэхэд олон янзын арга аргачлал дэс дараатай судалгааны ажлыг хийж байж хайгуулын үйл ажиллагааг иж бүрэн байдлаар явуулна. Зарим тохиолдолд судалгаагаа алдаатай тооцож явуулахыг ч үгүйсгэхгүй. Энэ утгаараа хайгуулын салбар бол бүхэлдээ эрсдэл дагуулдаг. 

Ийм их хөрөнгө оруулалт, эрсдэл шаарддаг салбарт сансарын болон агаарын зургаар орд илрүүлнэ гэдэг бол аливаа зүйлийг өнгөц хардаг, геологийн шинжлэх ухааны талаар дутмаг ойлголттой хүмүүсийн дэмий хоосон мөрөөдөл байх гэж би боддог. 

2014 он хүртэлх таван жилийн туршид геологи, хайгуулын салбарын зогсонги үе байлаа. Дараа нь 2017 оноос зөвхөн сонгон шалгаруулалтаар өргөдөл олгох хатуу шалгуур бий болгож, хайгуулын эрх авах босгыг өндөрсгөсөн. Өнөөдөр өргөдлийн тогтолцоог сэргээх шаардлагатай гэдгийг салбарынхан хэлдэг ч бодит байдал дээр дэвшилттэй ямар ч алхам хийгдэхгүй байна л даа. 
 

Дахин хэлэхэд геологи, хайгуулын салбар бол эрсдлийн салбар. Тиймээс геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдын биднээс хүсдэг ганц зүйл нь л энэ. Тэд сайн, муу хууль байх нь хамаагүй, гол нь эрх зүйн орчин тогтвортой байвал бид ажлаа хийгээд л байна гэж ярьдаг. Хууль эрх зүйн орчинд дор хаяж 15 жил өөрчлөгдөхгүй байхад л хангалттай гэж үздэг хүмүүс ч бий. Муу хууль байсан ч тухайн хөрөнгө оруулагч бүх эрсдлээ тооцоод л орж ирэх нь байна шүү дээ. Нэг засаг нь гарч ирээд нэг юм ярьдаг, дараа нь бас нэг засаг гарч ирээд өөр юм ярьдаг, тэгээд хуулиа өөрчилдөг энэ байдал ямар ч хөрөнгө оруулагч орж ирэх боломжийг хааж байна. Засгийн газар саяхан хайгуулын үйл ажиллагааг бүтэн жилээр зогсоолоо. Үүний хор хөнөөл нь одоо биш, арван жилийн дараа гарна.

Геологи, хайгуулаас гадна уул уурхайн үйлдвэрлэл цаашид хүнд байдалд орох эрсдэлтэй, тийм үү?
Тийм. Өнөөдөр алтны шороон ордын нөөц бараг дуусч байна. Гэтэл хайгуулын үйл ажиллагааг зогсоосноор алтны үндсэн ордыг олж нээх ажил хойшлогдоод л байгаа. Энэ хэрээрээ Монголд орж ирэх валютын нөөц боломж буурна гэсэн үг. Монгол Улс анхнаасаа л уул уурхайн салбараа цэгцтэй, тогтвортой хууль зүйн орчинтой байдлаар явах ёстой байсан. Харамсалтай нь тийм биш, хэн ийм байдалд хүргээд байгааг монголчууд бүгд мэдэж  л байгаа байх. Уг нь улстөржүүлж болохгүй ганц салбар нь геологи, уул уурхай байх байтал өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ байна.
 
Өнөөдөр байгаа хэдэн ордоо ашиглаад явахад Монгол Улс хангалттай амьдарна гэж зарим улстөрч ярьдаг шүү дээ? 
Үгүй л дээ. Дэлхийн хурдацтай эдийн засагтай хөл нийлүүлэн алхъя гэвэл, хоёр том зах зээлийн эрэлт хэрэгцээг хангая гэвэл бид өөрсдөө хөгжих ёстой. Тэгэхийн тулд уул уурхайн салбараа хамгийн түрүүнд хөгжүүлж байж л амьдарна. Мал аж ахуйн салбар бол хэдий том ч гэлээ тэнгэрийн аясаар л амьдардаг салбар шүү дээ. Зөвхөн коронавирусын халдвар гэхэд дэлхийн эдийн засагт ямар цохилт авчирч байгааг харж байна. Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац даруй 2-3%-иар саарна гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Монгол Улс үүнд өртөж л таарна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харъяанд “Үндэсний Геологийн алба” хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар боллоо. Геологичдын олон жилийн хүсэл биелэх гэж байна. Геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийж, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагатай, цогц байдлаар ажиллах боломж бүрдэж байна гэж хэлж болох уу?
Үндэсний геологийн алба гэж нэрнээсээ авахуулаад надад төдийлөн таалагдахгүй байна. Геологийн шинжлэх ухаан үндэснийх байдаггүй юм л даа. Энэ бол эх дэлхийгээ судалдаг шинжлэх ухаан. Мэдээж Геологийн албаа сэргээн байгуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ албыг байгуулах эрх зүйн үндэс хэр баталгаажсан юм бол. Үндэсний геологийн албыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэвэл эндүүрэл болно. Ашигт малтмалын тухай хууль бол тусгай зөвшөөрөл олголтыг л зохицуулдаг. Тиймээс Газрын хэвлийн тухай хуулиар ядаж Геологийн албаны үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн Засгийн газар байгуулагдахад энэ алба алга болохыг хэн ч өнөөдөр хэлж мэдэхгүй. Үндэсний Геологийн албаны бүрэлдэхүүнд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори зэрэг байгууллагууд нэгжийн хэлбэрээр бүрэлдэхүүнд нь орж ажиллах юм байна. Гэхдээ энэ албыг салбараа маш сайн мэддэг, мэргэжлийн өндөр боловсролтой хүн удирдаасай гэж хүсч байна.   

Та Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Гэхдээ хэдий богино хугацаанд ч гэсэн хийж хэрэгжүүлсэн ажлууд бий. Товч дурдвал? 
Өнгөрсөн хоёр  сарын хугацаанд   салбарт үйл ажиллагаа явуулж байгаа холбоодыг нэгтгэхэд идэвхтэй оролцож, Монголын Геологийн холбоодын зөвлөлийг байгууллаа. Энэ зөвлөлөөрөө дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж ажиллана. Олон холбоотой ажиллахад төр засагт  өөрт нь хэцүү байдаг. Тийм ч учраас  салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө нэг дуу хоолойгоор төр засагтайгаа хамтарч ажиллах нь юу юунаас чухал болоод байна.

Ярилцсан Танд баярлалаа.  

Сэтгэгдэл үлдээх