Я.Бат-Ирээдүй: Монголын геологийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Thumbnail

Я.Бат-Ирээдүй: Монголын геологийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна.

2020-10-20 geosociety1996 1340 0 Мэдээ

Монголын Геологийн холбооны ерөнхийлөгч, Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө Танд Монгол Улсад Геологийн салбар үүсч хөгжсөний 81 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

-Баярлалаа.

-Геологичид маань түүхт ойн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Сайхан асуулт байна. Энэ жил Монгол Улсад геологийн алба үүсч байгуулагдсаны 81 жилийн ой, геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой давхцаж байгаа юм. Тэр утгаараа Геологийн холбоо, МУИС хамтран гол цөмийг нь бүрдүүлэн, үйл ажиллагаа зохион байгуулж байна. Баярын үйл ажиллагаанд манай Үндэсний геологийн алба, Монголын геологийн холбоо, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, МУИС, ШУТИС, Шинжлэх ухааны харъяа геологи, палентлогийн хүрээлэнгүүд оролцож байгаа юм. Бид ойн баяраа энэ сарын 9-нөөс спортын арга хэмжээгээр эхэлсэн. Их сайхан арга хэмжээнүүд болсон. МГХ, түүний удирдах зөвлөл маань салбарынхаа залууст нэг өдөр спортоор амьсгалах боломж бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн. Их олон хүний хүч, хөдөлмөр орсон, сайхан арга хэмжээ болж, салбарынхан их сэтгэл өндөр байгаа. Манай фэйсбүүк хаягаар зочлоод үзээрэй. Уг нь Монголын геологийн жинхэнэ баярын өдөр аравдугаар сарын гурав дахь долоон хоногт тохиодог. Энэ сарын 17-нд манай баярын өдөр байсан. Энэ өдрөө бид Богд ууланд явган аялал зохион байгуулсан. Өглөө 8.30 цагт Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийгээд, Түр хурахын амралтаас Цэцээ гүн рүү ирж, очихын 18 км урттай аяллыг манай доктор, профессор, гавьяат Д. Чулуун багш маань удирдаж, мэдээлэлтэй танин мэдэхүйн сайхан арга хэмжээ болсон. Гэр бүл, үр хүүхдүүдээ дагуулаад очсонд миний хувьд их бахархсан, сэтгэл ч их хөдөлсөн.

-Баяраа яагаад хойшлуулсан учрыг хүмүүс сонирхож байж магадгүй?

-Бид төрт ёстой улс. Аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгууль боллоо. Түүнээс хойш хоёр хоног янз бүрийн үйл ажиллагаа явуулахад зохимжгүй гэж үзсэний үндсэн дээр үндсэн үйл ажиллагаагаа энэ сарын 23-нд шилжүүлсэн. Энэ өдөр манай баярын хурал, дараа нь эрдэм шинжилгээний хурал болно. Мөн салбарын мэргэжил нэгт нөхөддөө хүндэтгэл үзүүлнэ дээ. Хамтарч нэг оройг сайхан өнгөрөөх, дурсамжаа сэргээх, ахмадууд маань дунд, залуу үетэйгээ нэг дор суугаад сайхан танилцаж, нэг үдшийг их сайхан өнгөрөөгөөсэй гэж бид хүсч байгаа. Энэ үйл ажиллагаанд манай Монголын геологийн холбоо голлох үүрэг хүлээж, хариуцан зохион байгуулж байгаа юм.

-Танай хамт олны ирэх онд хийхээр төлөвлөж буй ажлууд руу ярианы сэдвээ хандуулъя?

-Бид Монголын геологийн холбооныхоо стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ ажлын хүрээнд бид нэг том ажил хийе гэж зорьж байна. Тэр нь энэ салбараа, тухайлбал, геологи гэж юу вэ, геологич гэж хэнийг хэлэх вэ, юу хийдэг, геологийн судалгаа ямар ашиг тустай вэ гэдгийг жирийн иргэдэд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажилыг хийх юм. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, зовдог шаналдаг олон мянган хүний дэмжлэгтэйгээр орон даяар танин мэдүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ дээр манай төр засаг, Үндэсний геологийн алба болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам онцгой анхаарч, хамтарч ажиллана гэж бодож байна. Дээр нь орон нутагт байгаа аймаг, сумдын төр захиргааны байгууллагууд сайн дэмжих байх гэж бодож байна.

-Өмнө нь тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан геологичид нэгдсэн нэг зохион байгуулалтад орсноор салбарын хөгжилд тодорхой нэмэртэй байгаа болов уу. Монголын геологийн холбоо, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл ажлаа юунаас эхлүүлэв ээ?  

-Монголын геологийн холбооны VI чуулганаас би Монголын Геологийн холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд манай холбоо нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Салбарынхаа холбооддоо бүгдээрээ нэгдэж, төр улстай нэг цонхоор харьцаж байя гэсэн санал дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монголд геологийн 24 орчим холбоо бий. Түүнээс 22 нь нэгдэхийг дэмжиж, саналаа ирүүлсэн юм. Бид олон удаа уулзсаны дүнд Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийг богино хугацаанд буюу энэ оны эхээр байгуулж, дүрмээ баталж үйл ажилгаагаа эхлүүлээд явж байна. Зөвлөлийн анхны даргаар Үндэсний геологийн албаны даргаар томилогдсон О.Чулуун гуай сонгогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд бид нэгдэж, энэ салбартаа олон зүйлийг хийхийг хичээн, хүчээ нэгтгэе, өөрсдийн боломжийг төр засагтаа ойлгуулах нь зүйтэй, дангаараа яваад бид хүчгүйднэ гэдэг дээр санал нэгдсэн. Тиймээс энэ олон мянган хүний эрх ашиг, чиглэл чиглэлийнхээ холбоодын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг нэгдсэн зөвлөлөөрөө дамжуулан төр засагтаа уламжилж, тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлж байя гэж тохирсон. Тэрхүү тохиролцооныхоо дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын геологийн холбоо энэ салбарын ууган холбоодын нэг. Олон мянган гишүүн дэмжигчтэй.

-Монгол Улсын геологийн салбарын хөгжлийг бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна гэж та боддог вэ?

-Их том асуулт байна, үнэнийг хэлэхэд. Монгол Улсын геологийн салбарын хөгжил харьцангуй өндөр түвшинд байгаа гэж үздэг. Би өөрөө судлаач байсан хүн. Эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны академид ажиллаж байсан. Салбарынхаа чиглэлээр тодорхой судалгаа хийж ажиллаж байсан хүний хувьд манай салбар маш их хурдацтай хөгжсөн гэж хэлж болно. Аль ч улсын геологиудтай мөр зэрэгцээд ажиллах ур чадвартай, потенциал сайтай залуучууд олон болсон. Энд дэлхийд нэртэй том орд Оюутолгойгоос эхлээд жишээ авч болно. Тэнд дийлэнх мэргэжилтэн нь монголчууд байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай олон компанийн гол цөмийг монгол геологиуд бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр манай салбар дэлхийн геологийн хөгжилд хөл нийлүүлээд алхах бүрэн бололцоотой болжээ гэж хэлэх байна.

-Та геологийн салбартай хувь заяагаа холбоод хэдэн жилийн нүүр үзэж байна вэ?

-Маш эрт дээ. Дөнгөж сургууль төгсөөд, залуухан инженер болж ирээд, энэ салбартай амьдралаа холбосон. Нэг мэдэхэд, 1986 оноос хойш 34 жил энэ салбартаа зах зээлийн хатуу хөтүү, өчнөөн шуурга дамжсан ч энэ мэргэжлээ солиогүй. Энэ салбартаа үнэнчээр зүтгэж өдий хүрсэнээрээ бахархаж явдаг.

-Ажлынхаа гараагаа ямар байгууллагаас эхлүүлсэн бэ?

-Тухайн үеийн Геологи, уул уурхайн яамны дэргэд Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институт гэж одоогийн нэгдүгээр эмнэлгийн ар талд хоёр давхар байшин байлаа. Тэнд алдарт Ж.Лхамсүрэн багшийн ажилтан болж очиж байлаа. Салбарын мэдээлэл хариуцсан инженерээр анх удаа томилогдож очиж байсан юм. 

-Салбарынхаа жинхэнэ “томчууд”-тай ажиллаж байсан байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Манай инситутэд мундаг эрдэмтэн, докторууд байсан. Төрийн шагналт Ж.Бямбаа доктор, манай институтын захирал алдарт Жамсран захирал маань байсан. Авирмэд гээд манай салбарын том эдийн засагч, Я.Гомбосүрэн гээд уул уурхайн том мэргэжилтэн байлаа. Тэр үед миний үеийн, чадварлаг залуучууд их ажиллаж байсан. Бат-Очир доктор, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны дарга Жаргалсайхан байна. Би институтын Эвлэлийн үүрийн дарга байлаа. Ингэж амьдралынхаа гарааг геологитой холбосон. Дараа нь Хамт олны зөвлөлийн нарийн бичгийн даргаас эхлээд институтэд хийгээгүй ажил байхгүй. Эрдэм шинжилгээний ажилтан болоод, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг Бямбаа докторын удирдлага дор явсан. Дараа нь Шинжлэх ухааны академид очсон. Хуучнаар ЗХУ, БНМАУ-ын геологийн хамтарсан экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байлаа. Оросын алдартай эрдэмтэнВ.П.Хoмeнтовскийн багт орж ажиллаж, Кембрийн өмнөх үеийн Монгол орны геологийн судалгааг хийж эхэлсэн дээ. Тэрүүгээрээ манай алдартай геологич Доржнамжаа доктортой маш нягт, багш шавийн барилдлагатай, нилээд жилийг ШУА-ийнхаа Геологийн хүрээлэнд дэд захирал болтлоо ажилласан даа.

-Таны амьдралд тэдгээр эрдэмтдийн үнэтэй зөвлөгөө их тус болсон болов уу?

-Би бүгдэд нь их талархаж явдаг. Яагаад гэхээр тэр үеийн манай доктор, профессорууд үнэхээр агуу хүмүүс байсан. Урлагийнхан “Алтан үе” гэж ярьдаг. Тэд үнэхээр манай салбарын “алтан үеийнхэн” байсан. Академич Төмөртогоо, Дашзэвэг, Барсболд, Лувсанданзан гуай нарыг дурсмаар байна. Мэдээж олон эрдэмтэн бий. Хосбаяр, Бадамгаравууд, Минжин, Чулуун, Ээнжин, Оролмаа, Ариунбилэг, Махбадар гээд гайхамшигтай олон сайхан эрдэмтэд бий. Миний багш Доржнамжаа доктороос эхлээд бүх эрдэмтэн, доктор, профессор миний амьдралд сайнаар ул мөрөө үлдээсэн. Тэр хүмүүсийн ач буянаар би өдий зэрэгтэй энэ салбартаа ажиллаж амьдарч яваа гэж боддог.

-Дөнгөж төгссөн залуу хүүг мэргэжилтнээр сонгож ажиллуулна гэхээр гайгүй сайн сурлагатай байжээ?

-Нэлээн сайн дүнтэй төгссөн хүүхдүүдийн нэг шүү. Тухайн үед сургуулиа сайнь онц төгссөн хүүхдүүдийг Намын төв хороон дээр хүлээн авдаг байлаа. Сая Халхын голын 80 жилийн ойгоор Их сургуулийн ректор маань ирэхдээ надад их сургуулийн “Хүндэт оюутан” гэдэг шагнал гардуулсан. Өнгөрсөн онд төрөлх сургуулийн мань 80 жилийн ой болоод, найз нартайгаа очоод ирсэн дээ.

-Та эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу улс орондоо ямар хувь нэмэр оруулсан бэ?

-Хувь нэмэр гэхээсээ илүү хэр олон зүйл хийж бүтээсэн бэ гэвэл 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн. Монгол орны геологийн нэлээн хэдэн зургийн зохиогчоор оролцсон. Хэд хэдэн ном багш, судлаач нартайгаа хамтарч бичсэн. Одоо таны өмнө  байгаа энэ саятын геологийн зураг(хананд өлгөөтэй зургийг заав.сурв)-ийн зохиогчийн бүрэлдэхүүнд миний нэр бий. Энэ бүхнийг би ганцаараа хийчихдэг юм биш л дээ. Энэ ажил маш олон хүний нөр их хөдөлмөр, асар их оюуны хүч шаардсан бүтээл юм. Түүнд ганц миний үүрэг роль бага. Оролцоод, мөр зэрэгцээд явсан минь л хувь хүний хувьд их гайхамшиг байхгүй юу. 

-Геологич мэргэжлийн хамгийн сайхан нь юунд байдаг вэ?

-Өдөр бүр нэг шинэ юм эрж хайж байдгаараа сайхан. Нэг шинэ юм мэдэхийн төлөө явдаг. Тэрнийхээ учрыг олохын төлөө асар их цаг заваа зарцуулж, ажиллаж хөдөлмөрлөнө. Мэдээж бэрхшээл гэвэл зөндөө юм байгаа байх.

-Геологич гээд нэг нөхөр дураараа хэсээд яваад байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Шоглоом ч гэх үү дээ, ертөнцийн гурван тэнэгийн нэг гэдэг. Бөмбөг өшиглөөд араас нь гүйгээд байдаг хөлбөмбөгчин нэг тэнэг, юм хаяагүй байж эрээд байдаг геологич нэг тэнэг. Нөгөөх нь мэдсээр байж асуудаг багш нэг тэнэг гэж. Тэгэхээр байгаль дэлхийтэйгээ холбогдсон ажил учраас яг өөрийнхөө биеэр байгалиа мэдэрч, тэрийгээ танин мэдэхийн төлөө явдагт энэ мэргэжлийн онцлог байдаг юм болов уу. Хоёрдугаарт, нар салхи бороо, шавраас эхлээд байгалийн ямар л үзэгдэл байна ажрахгүйгээр өөрсдийгөө золиослож ажилладаг. Жишээ нь, зуны цагт хүмүүс гэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч байхад геологич хүн зун, хавар, намрын улиралд ажлаа хийгээд явдаг шүү дээ. Бид ажлаа хийгээд явж байхдаа хэн нэгнээс юм горьддоггүй. Төр засгаас бид тийм байна, ийм байна гэж хэзээ ч ямар нэгэн гомдол нэхэж байгаагүй. Тэрүүгээрээ геологич хүн байгальтайгаа илүү ойрхон, сэтгэл нь их тэнэгэр, дэлгэр юм болов уу гэж би боддог юм. Юманд цухалдаад, бухимдаад, уур уцаараа гаргаад байхгүй. Дэндүү хүлээцтэй хүмүүс гэж хэлж болно. Хэдийгээр манай геологиудын амьдрал хүнд хэцүү. Олон сорилт, бэрхшээлийн дунд ажиллаж амьдардаг ч гэсэн манайхан дэндүү даруухан, дэндүү хүлээцтэй. Мэргэжил нь өөрөө тийм байхыг шаарддаг. Үгүй бол геологич болж чадахгүй байх л даа.

-Геологиуд ерөнхийдөө ганцаараа яваа харагддаг. Хуулиар хэр сайн хамгаалагдсан байдаг вэ?

-Геологичийн эрх дарх гээд хуулиар хамгаалагдсан юм байхгүй. Монгол Улсын иргэн ямар хамгаалалттай байдаг тэр л бий. Уул нь геологич гэдэг мэргэжил ажлын их онцлогтой, онцгой үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ. Ирээдүйд хуулиар хамгаалагдсан тийм сайхан цаг ирэх байх гэж бодож байна. Миний хувьд энэ салбартаа ажиллаж буй хүмүүсийн дуу хоолойг хүргэхийн төлөө Монголын геологийн холбооны ерөнхийлөгч болсон гэж ойлгож, чадлынхаа хэрээр ажиллаж байна. Манай холбооны тэргүүлэгчид, Удирдах зөвлөлийн гишүүд маань ч чадлынхаа хэрээр энэ бүхний төлөө зүтгэж ажиллах болно. Бид боломж байвал энэ салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах юмсан гэж боддог. Би түрүүн ярьсан. Геологичид хэзээ ч төр засагтаа гомдоллож байгаагүй гэж. Хүмүүс баяр наадам, зугаа цэнгэл гээд зуныхаа хамгийн сайхан үеийг гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөж байхад бидний дийлэнх хөдөө ажиллаж байдаг. Тэглээ гээд бид ерөөсөө гомдоллож байсан удаагүй.

-Геологич хүний хөдөлмөрийн буянаар улс орон хөгжиж байгаа гээд хэлэхэд үнэнээс зөрөхгүй болов уу?

-Тийм ээ. Жишээ нь, Эрдэнэт, Дархан хот байна. Мөн Оюутолгой, Тавантолгой, Өмнөговь гээд уул уурхай хөгжсөн газруудыг хараарай. Энэ бүхний анхны шавыг геологи хүн л тавьсан шүү дээ. Энэ салбар дээр түшиглэн улс орон хөгжиж байгаа байхгүй юу. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх үндсэн суурь нь геологи. Хүн төрөлхтөний хэрэглэж буй бүх зүйл геологич хүний олсон эрдэс баялгийн бүтээгдэхүүнээр хийгдэж буй. Унаж буй машин, эдэлж хэрэглэж байгаа зүйлс, ууж буй аяга гээд. Газрын гүний усны судалгааг хүртэл манай салбарынхан хийж байгаа. Геологи гэдэг маань их өргөн ухагдахуун. Дотроо 20 гаруй бие даасан шинжлэх ухааныг хөгжүүлдэг. Ерөнхий нэр нь геологи. Геологи хүний хийсэн бүтээсэн, судалсан бүх зүйлийг улс ардын аж ахуй, хэрэглэгдэхгүй салбар гэж байдаггүй. Хамгийн наад зах нь хот төлөвлөлт. Байшингаа ямар газар дээр барих вэ, доор нь юу байгаа вэ? Газар хөдөлвөл дороо нураад уначихгүйгээр ямар байшинд ямар хундаам тавих вэ гэдгээс эхлээд бүгд геологи гэдэг гэр бүлд багтаж буй хүмүүсийн хийдэг мэргэжлийн ажил. Нэг талаараа геологи гэдэг маш өргөн хүрээний, нөгөө талаараа улс орны “Хар хайрцагны бодлого”-ын хамгийн гол хэсэг гэж зоригтойгоор хэлж болно. Геолополитик гэж үг байдаг. Юунаас үүсэлтэй вэ? Яагаад геополитик гээд байгаа юм бэ? Улс гүрнүүдийн геополитикийн бодлого гэж асар том “хар хайрцагны бодлого” явж байна шүү дээ. Хаанаас хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүн, эрдэс аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ авах юм бэ, хаанаас олборлох юм бэ гээд. Нэгэнт хүн гэдэг амьтан хэрэглээний амьтан учраас тэр хэрэглээг нь бүрдүүлэхийн тулд, улс эх орны аюулгүй байдлыг хангахын тулд. Ерөөсөө их том цонх, том утгаар нь харвал энэ бол үнэхээр том асуудал. Тэр дундаа манайх чинь стратегийн орд гээд яриад л байгаа биз дээ.

-Геологийн салбарын хууль эрх зүйн орчин хэр тогтвортой байна вэ?

-Сүүлийн тав, зургаан жил би гадаадын хөрөнгө оруулалтын олон чуулга уулзалтад тасралтгүй оролцож байна. Сая “Ковид-19”-ийн улмаас онлайн хэлбэрт шилжээд, зарим нэг хурал зөвлөгөөн маань хойшлогдоод байгаа юм. Тэнд дэлхийн болон бусад орнуудад хэрэгжүүлж буй уул уурхайн болон геологийн томоохон төслүүдийн тухай мэдээлэл авах, түүнийг удирдан зохион байгуулж буй, улс төрчидтэй уулзаж учрах, яриаг нь сонсох, ямар чиг хандлагатай байгааг нь мэдрэх боломж надад өргөн байсан учраас үзсэн, дуулсан юм надад их бий. Яг үнэнийг хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад эрх зүйн орчин тогтворгүй байна гэдэг. Нэг засгийн газар гарч ирээд, нөгөө засгийн газрынхаа гаргасан хууль, тогтомжийг үгүйсгэдэг, эсвэл өөрчилдөг. Энэ нь эргээд энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг үргээдэг, айлгадаг. Австрали,Канад, Америийн хөрөнгө оруулагч нартай уулзаад сууж байхад Монголд хамгийн хэцүү нь эрх зүйн орчин их тогтвортгүй байна гэдэг. Муу байж болно, сайн ч байж болно. Эрх зүйн тогвортой орчин байвал хөрөнгө оруулагч нар эрсдэлээ үүрээд ороод ирдэг гэнэ л дээ. Яагаад вэ гэвэл 20, 30 жилдээ баталгаатай, эрх зүйн орчин нь муудахгүй, сайжрах байх гэдэг хүлээлттэйгээр орж ирдэг байна.

-Уул уурхайн салбарын нэр хүнд иргэдийн дунд багагүй унасан. Үүнд юу нөлөөлж байна гэж боддог вэ?

-Сүүлийн жилүүдэд манай салбарын нэр хүнд унаж, ард түмэнд улс төржүүлсэн ташаа мэдээлэл их хүрж байгаас буруугаар ойлгодог болсон. Газар ухдаг, тонодог, газрын баялгаа ил болгоод, гадныханд зардаг гэсэн буруу ташаа ойлголт тарсан. Үүнийг бид ард түмэнд зөвөөр, улс төржүүлэхгүйгээр ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Энэ салбар хөрөнгө оруулалт асар их шаардсан, маш их эрсдэлтэй. Улс орны хөгжлийг энэ салбаргүйгээр төсөөлж болохгүй. Монголын эдийн засгийн гол салбарын нэг бол геологи, уул уурхайн салбар. Энэ салбарыг аваад хаячихвал Монгол Улсын эдийн засаг маш их хүндэрнэ дээ. Тиймээс бид ард түмэндээ яавч буруу ойлгуулж болохгүй.

-Уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж өгдөг. Гэхдээ шүүмжлэл их бий. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн хэдэн хувьд уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байна вэ?

-Маш хурдацтай нөлөөлөхүйц хэмжээний салбар нь уул уурхайн салбар. Уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа эдэлбэр газар нь нийт нутаг дэвсгэрийн 1.8 хувь ч хүрэхгүй. Өнөөдөрт хар л даа. Манайд геологи, уул уурхайн салбар бараг зогсонги болсон нь лиценз олголтоос харагдаж байна. Лиценз олгохгүй байна. Ард түмэнд энэ салбарын тухай ойлголт бага, маш их улс төржүүлдэг. Хамгийн муухай, аюултай зүйл гээд ойлгуулчихсан. Уул нь авдран доторхи юмаа мэдэж байж хүнтэй наймаа ярина биз дээ. Айл гэр ч гэсэн ялгаагүй. Уул уурхай бий болж, хамгийн сүүлд дэлхийд хөгжсөн арга барилаар газрыг олборлох ашиглалт явуулах, энэ бүгд өөрөө асар их эрсдэлтэй. Геологи хайгуулын ажил үнэхээр их эрсдэлтэй. Жишээ нь, нэг илэрцийг судалж, орд болгоход хамгийн багадаа 10-20 жилийн хугацаа шаардагдана. Геологийн салбар уул уурхайгаасаа 10-20 жилийн өмнө түрүүлж хөгжиж явах ёстой. Тэгж байж улс эх орны түүхий эдийн бааз суурийг бэлдэх боломжтой болно. Тэгэхгүйгээр манайхан нэг уурхай ашиглалтад орохоор тэр чигт нь алтыг нь ачаад гардаг юм шиг ойлгодог. Тийм ойлголт шинжлэх ухаанд ерөөсөө байхгүй.

-Ярилцлагаа жаргаах мөчийг таны мэдэлд үлдээе ээ?

-Монгол хүн ирээдүйгээ бодож энэ салбарыг зөвөөр ойлгодог болоосой, хандлагаа өөрчлөөсэй гэж хүсч байна. Дээр нь зөв танин мэдээсэй, эерэгээр харж ойлгоосой. Улс төрчийн ч юм уу, хэн нэгний үгээр бүү яваасай. Малчин ч бай, ямар ч давхаргын хүн бай бид бүгд эх орондоо хайртай. Тиймээс хайртай юмаа хайрлаасай. Аливаа юманд сэтгэл, дээр нь хандлага чухал байдаг. Түүнийг л зөв болгомоор байна. Тэгвэл манай Монгол Улс хөгжинө, урагшилна. Бид хойч үедээ сайхан ирээдүй бэлэглэж чадна. Тэрнээс бие биенээ муулаад, нэгийгээ дээш гарчихлаа гээд доош татаж чангаагаад байдгаа татахгүй бол энэ улс орон цаашаа хөгжихгүй. Ирээдүй их бүрхэг болно. Энэ бол хувь хүн бүхнээс хамаарна. Энэний төлөө, сөрөг хандлагыг өөрчлөх ажлыг Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын Геологийн холбоо ажлынхаа гол чиглэл болгож, танин мэдүүлэх, хүмүүсийг соён гэгүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа нэлээн түлхүү явуулна. Үүнийг төр засаг нам, эвслээс хамааралгүйгээр төрийн бодлогын түвшинд тавьж, энэ салбарыг ард түмэндээ зөв ухуулан ойлгуулж, тал талаасаа дэмжиж байж, эдийн засгийнхаа нэгэн том баганаа зөв чиглэлүүлж, үр өгөөжийг хүртэж явна гэж би бодож байна. 

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.

Д.Эрдэнэтуяа

Сэтгэгдэл үлдээх