МЭНДЧИЛГЭЭ

Thumbnail

МЭНДЧИЛГЭЭ

2020-01-15 geosociety1996 392 0 Мэдээлэл

Эрхэм геологич, мэргэжил нэгт анд нөхөд, Монголын геологийн холбооны гишүүд, дэмжигчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэж мэндчилье.

Монголын геологийн холбооны ээлжит 6-р чуулган 2019 оны 11-р сарын 29-нд хуралдаж, чуулганаас миний биеийг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосноос хойш даруй сар орчим хугацаа өнгөрчээ.

 

Энэ хугацаанд шинээр сонгогдсон удирдах зөвлөл 4 удаа хуралдаж, 2020 оны хийх ажлын төлөвлөгөө, 2024 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд та бүхнээсээ хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах санал авахаар ажиллаж байна.

МГХ-ны 6-р чуулганд оролцогчдоос гаргасан уриалгын хүрээнд салбарын холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулах, нэгдэж ажиллах талаар зөвлөлдөх уулзалтуудыг хийсний үр дүнд, өнөөдрийн байдлаар 22 холбоодтой хамтран ажиллах албан ёсны хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулаад байна. Цаашид энэ ажил үргэлжлэн, ирэх онд бид бүхэн хамтарсан нэгдсэн үйл ажиллагааг эхлүүлж \салбарынхаа хөгжлийн төлөө, түүнд ажиллагсадын эрх ашгийн төлөө\ нэг зорилгынхоо төлөө ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөнд салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар холбооны байр суурийг илэрхийлж үндсэн илтгэгчээр оролцлоо. Салбараа олон нийт, орон нутагт сурталчлан таниулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөсөн нь бусад холбоод, төрийн байгууллагын зүгээс их дэмжлэг хүлээсэн болно.

Холбооны байрыг томсгож, сургалт, уулзалт тогтмол зохион байгуулж явуулах боломж бололцоо бүхий байранд шилжин орсон нь цаашдын бидний төлөвлөсөн ажил амжилттай болох нэг үндэс гэж үзэж байна.
Энэ мэтчилэн чамгүй олон ажлыг дээрхи богинохон хугацаанд амжуулснаа та бүхэндээ дуулгахад таатай байна. Цаашдаа энэ эрч хүч, хүсэл тэмүүллээрээ ажиллахад та бүхний маань дэмжлэг, туслалцаа хамгаас чухал нэн тэргүүний гэдгийг ойлгож бидний ажлыг дэмжин улам нэгдэж нягтран ажиллахыг хүсэж байна.

Ирж буй 2020 ондоо та бүхний санасан хүсэл сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх, аз жаргалтай амьдрахын ерөөлийг дэвшүүлж, эх орны минь хөгжлийн тулгуур манай салбарын ажил үйлс өөдөө, хөгжил цэцэглэлтийн жил болох болтугай гэж ерөөе.

ШИНЭ ОНЫ МЭНД, САЙХАН БАЯРЛААРАЙ

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Я.БАТ ИРЭЭДҮЙ

 

Сэтгэгдэл үлдээх