Я.Бат-Ирээдүй: Үндсэн таван салбар зөвлөл байгуулсан

Thumbnail

Я.Бат-Ирээдүй: Үндсэн таван салбар зөвлөл байгуулсан

2021-08-13 geosociety1996 1245 0 Мэдээлэл

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга, Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйгээс цаг үеийн сэдвээр тодруулга ярилцлага авлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эрдэс баялагийн салбар цахим засаглалд шилжиж байгааг зарласан. Салбарын аж ахуйн нэгжүүдэд таатай үр дүнг шуурхай үзүүлж чадах уу?

-Цахим засаглалд шилжсэнээр аливаа үйл ажиллагаа илүү ил тод, шуурхай болно. Өмнө нь манай салбарт тайлан төлөвлөгөөг цаасаар хэвлэж, хянуулдаг байсан бол цахим засаглалд шилжсэнээр  зардал чирэгдэл 2-3 дахин багасна гэсэн үг. Салбарын мэргэжлийн хүн  Г.Ёндон сайдаар томилогдсон цагаасаа хойш геологи,  уул уурхайн салбар  цахим салбарт шилжих ёстой гэдэг бодлого баримталж ирсэн.  Ер нь төрийн бодлого ч цахим засаглалын төлөө явж байгааг хүмүүс мэднэ. Хөгжил дэвшлийн төлөө орчин үетэйгээ хөл нийлүүлж явахын тулд ийм бодлого баримтлах нь гарцаагүй. Тэр тусмаа улс орны эдийн засгийн түүчээ эрдэс баялагийн салбарыг цахим засаглалд шилжүүлэх нь илүү ил тод, илүү нээлттэй, илүү шударга  байхын хамгийн гол түлхүүр гэж бид олзуурхан дэмжиж байгаа.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтайг төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг. Энэ утгаараа  геологи, уул уурхайн  салбарын эрхзүйн орчин маш боловсронгуй, уян хатан байх ёстой л доо. Ер нь танай салбарт ямар эрхзүйн орчин үгүйлэгдэж байна вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг  яам гардаад явж байгаа. Удахгүй Засгийн газар, УИХ-д өргөн барих байх. Түүнээс гадна Газрын хэвлийн хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Үүн дээр манай сайд маш их анхаарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хуулийг боловсронгуй болгохын тулд,  илүү чанаржуулахын тулд суурь судалгааг маш сайн ул суурьтай  хийх хэрэгтэй. Бусад хуулиуд болон Үндсэн хуулийн зарчимд  хэр зэрэг  нийцэж байгааг дүгнэж цэгнэж, түүний дараа Газрын хэвлийн хуульд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй юм бэ гэдгээ тогтоох ёстой. Яагаад гэвэл зөвхөн манай салбарын эрх ашиг биш Монгол Улсын бүх иргэдийн эрх ашиг цаана нь байгаа учраас тэр юм.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог байсныг болиулаад тендер шалгаруулах замаар олгодог болсон. Энэ нь хэр оновчтой бол?

-Тийм. Улсын төсвийн хөрөнгөөр судалгаа хийгдсэн талбайнуудыг сонгоод, орд болох боломжтой гэсэн талбайг нь ялгаад  тендерээр олгохоор шийдэгдэж байгаа.

-Сонирхоод ч гэхүү асуухад Үндэсний геологийн алба байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Гэхдээ бүтэц, орон тоо, төсөв санхүү нь хүрэлцэхгүй байна гэдэг шүүмжлэлийг нэлээдгүй хүнээс сонсч байсан. Энэ үнэн бол үндэсний хэмжээнд геологийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч мэдэх юм биш үү?

-Үнээн үнэн. Үндэсний геологийн алба байгуулагдаад удаагүй байна. Жил гаруй л болж байна. Энэ хугацаанд цар тахлын дэгдэлтийн улмаас хүнд нөхцөл байдал үүсч эдийн засагт томоохон агшилт явагдсан. Үр дагавар нь бүх л  салбарт ялгаагүй нөлөөлж байна. Үндэсний геологийн албаны төсөв хөрөнгө хумигдсан тал байгаа. Геологи хайгуулын судалгааны ажил тэр хэмжээгээр багассан гэсэн үг. Бид улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй байгаа. Салбарын мэргэжилтнүүдийн хувьд өдөр, шөнөгүй зүтгэж байгааг ч харж байна. Гагцхүү улс орны цаашдын ирээдүй, хувь заяаны төлөө газрын хэвлийн нөөц баялагаа зөв ашиглах, эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах, байгаль экологийн тэнцвэртэй байдал болон ард түмний эрх ашгийг хангах гэсэн том асуудалд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний геологийн алба онцгой  анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний хувьд олон нийтийн байгууллага хэдий ч төр засгийнхаа шийдвэрийг дэмжиж ажиллаж байгаа. Цаашид ч дэмжих  болно.

-Коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас олон салбар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдлоо. Гэхдээ цахим боломжийг ашиглаж ажлаа явуулах гэж зүтгэж байгаа нь харагдаж байна. Монголын геологийн холбоо болон Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн хувьд ямар ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна вэ?

-Цаг үе хүнд байна. Гэхдээ бид зүгээр суухгүй байгаа. Аль болох ажлаа урагшлуулахыг хичээж байна. Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл 2021 оны 4 дүгээр сарын дундуур салбарын яамтай гэрээ байгуулж, үр дүнд нь салбарын мэргэжилтний эрх, шинжээчийн эрх олгох асуудлыг манай зөвлөлд шилжүүлсэн. Улмаар бид эрчимтэй, шуурхай ажиллаж нэгдсэн зөвлөлийн гишүүн холбоодын дунд өргөн хүрээтэй онлайн хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа явуулж үндсэн таван чиглэлээр (Геологийн зураглалын, Геологийн эрэл хайгуулын, Геофизикийн, Гидрогеологи-геоэкологийн, Өрөмдлөгийн) салбар зөвлөл байгуулсан. Дараа нь Мэргэшсэн мэргэжилтний зөвлөл байгуулж, түүний үйл ажиллагааны журмыг боловсруулан зөвлөлийн гишүүдээрээ батлуулж, баталгаажуулах ажил ерөнхийдөө дуусч байна. Мөн 8 дугаар сарын дундуур өмнө нь салбарын Мэргэшсэн инженер, Мэргэшсэн зөвлөх цол авсан хүмүүсээ бүртгэлжүүлэх, тэдний сүүлийн 3 жил хийсэн ажлын тайланг авах, цолыг нь хэрхэх асуудлыг шийдэх гэх мэт процессийн ажлууд хийхээр гол анхаарлаа хандуулаад явж байна. Хийж хэрэгжүүлэх ажил их байгаа учраас холбоодуудын дэргэдэх салбар зөвлөлүүд маань маш идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа нь тодорхой. Мөн ирэх 11 дүгээр сард мэргэшсэн мэргэжилтний анхны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол их ачаалалтай, томоохон сорилт байх учир бид гол зорилгоо болгосон.

Дашрамд хэлэхэд цар тахлын хүнд үе үргэлжилсээр байна. Эдийн засгийн сэргэлт  шууд  нүдэнд баригдаж, гарт баригдах талаасаа ховор байгаач Засгийн газар, салбарын яам,  холбогдох агентлагууд өдөр, шөнөгүй л зүтгэж ажиллаж байна. Бид тэр хүмүүсийнхээ хийж байгааг, бүтээж байгааг үнэлж байх ёстой. Тодорхой үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь улс орон маш хүнд цаг үеийг туулж байна даа. Төр засаг маань илүү ардчилсан, илүү шударга байж олон нийтийн байгууллага, ард иргэдээ сонсдог байгаасай л хүсэх байна. Цаг зуурын бэрхшээлийг хамтарч л даван туулна гэдэгт итгэлтэй байж Монгол орныхоо ирээдүйг сайхнаар төсөөлж, бүгдээрээ хичээцгээе.

Д.Лхагвадорж

Сэтгэгдэл үлдээх