МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО БНСУ-ЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Thumbnail

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО БНСУ-ЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2024-09-04 geosociety1996 210 0 News

Энэ оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан Олон улсын геологийн 37 дугаар конгрессын үеэр Монголын Геологийн холбоо, БНСУ-ын Геологийн холбоотой “Харилцан ойлголцлын /хамтын ажиллагааны/ санамж бичиг” (MOU)-т гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын талаас МГХ-ны Ерөнхийлөгч Ч.Гэрэлхүү, УЗ-ийн гишүүн Б.Одхүү, М.Ариунболд, Н.Байгалмаа, МУИС-ийн дэд профессор С.Оюунгэрэл болон Үндэсний геологийн алба, ШУА болон МУИС, ШУТИС-ийн төлөөллүүд, БНСУ-ын талаас СГХ-ны Ерөнхийлөгч Ион Сог Ким (Young-Seog Kim-Active Fault & Earthquake mitigation research institute), Дэд ерөнхийлөгч Киочул Ха (Kyoochul Ha-KIGAM), УЗ-ийн гишүүн Сок Го Сонг (Seok Goo Song-KIGAM), Ион Жи Жоо (Young Ji Joo-Pukyong National University), Ионгмин Ким (Yeongmin Kim-KBSI) нар оролцлоо.

МГХ-ны Ерөнхийлөгч Ч.Гэрэлхүү ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: Манай хоёр холбооны байгуулж байгаа энэхүү санамж бичиг нь Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийн геологийн судалгаанд БНСУ-ын геологийн судалгааны технологийн давуу талыг ашиглах, 2 орны геологичдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран олон шинэ нээлтүүдийг хийх сайхан ирээдүйн эхлэлийг тавьж байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Харин СГХ-ны Ерөнхийлөгч Ион Сог Ким хэлсэн үгэндээ: Монголын геологийн холбоотой хамтарч Монголын болон Солонгосын геологийн салбарт олон шинэ дэвшлийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

МГХ болон СГХ-дын гарын үсэг зурсан дээрх санамж бичгийн хүрээнд талууд эрдсийн болон энергийн түүхий эдийн судалгаа, геологийн аюул, гидрогеологи, региональ геологийн судалгааны чиглэлээр хамтран олон улсын хурал, сургалт зохион байгуулах, хээрийн судалгаа хийх, аялал зохион байгуулах болон оюутан солилцох ажлуудыг хийх юм.

Мөн энэхүү ёслолын үйл ажиллагаанд АНУ-ын Геологийн холбооны Ерөнхийлөгч Кристофер Балей (Christopher Bailey) болон Гадаад хамтын ажиллагааны хөтөлбөр хариуцсан захирал, доктор Эстэр Штэйн (Ester Sztein) нар оролцож санамж бичигт гарын үсэг зурж байгаа талуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

Leave a Reply