Charter of the GSM

Thumbnail

Charter of the GSM

2020-02-29

Энэхүү дүрмийг Монголын Геологийн

Холбооны VI чуулганаар шинэчлэн батлав.

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр.

 

 

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

(Шинэчилсэн найруулга)

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл

  1. Монголын геологийн холбоо (цаашид “Холбоо” гэх) нь 1996 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо байгуулагдсан.
  2. Холбоо нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, сайн дурын гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
  3. Холбоо нь хараат бус, бие даасан төрийн бус байгууллага мөн.
  4. Байгууллагын оноосон нэр Монгол хэлээр “Монголын геологийн холбоо” (товчлол нь: МГХ), англи хэлээр “The Geological Society of Mongolia” (товчлол нь: GSM) гэж байна.
  5. Холбоо нь өөрийн тамга, тэмдэг, туг, цахим хуудас, хэвлэл, банкинд харилцах данстай байх бөгөөд Удирдах зөвлөлөөс баталсан бэлгэ тэмдэг, албан хэргийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
  6. Холбоо нь “Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, ШУТИС-ийн Т байр, 502 тоот” хаягт байрлана.

 

1.2 дугаар зүйл. Холбооны эрхэм зорилго

  1. Байгаль дэлхийгээ судлан шинжилж танин мэдсэнээр Эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, хүн ба байгалийн зохистой харилцааг үндэс болгож Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахад мэдлэг мэргэжил, иргэний оролцоогоо нэмэгдүүлэхэд бидний нэгдэл оршино.
  2. Монголын геологийн шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийг дэлхийн тэргүүлэгч орнуудын жишигт хүргэх;
  3. Нийт геологич, гишүүдийнхээ дуу хоолойг нэгтгэсэн, үндэсний хэмжээний, байнгын үйл ажиллагаатай, олон нийтийн байгууллага байх;
  4. Олон нийтийг соён гэгээрүүлэгч байж, олон улсад танигдсан, нэр хүнд бүхий, хараат бус, мэргэжлийн холбоо болох;

Олон нийтийг соён гэгээрүүлэгч байж, олон улсад танигдсан, нэр хүнд бүхий, хараат бус, мэргэжлийн холбоо байна;

(2019 оны 11-р сарын 29-нд МГХ-ны VI чуулганаар өөрчлөлт оруулсан)

 

1.3 дугаар зүйл. Холбооны нийтлэг чиг үүрэг

  1. Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах, шинжлэх ухааны байгууллага, судлаачдад дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, зөвлөлгөөн хийх;
  2. Төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх, геологи, уул уурхай, газрын хэвлийн холбогдолтой хууль тогтоомжид геологичид болон геологийн салбарын ажиллагчдын санал бодлыг тусгуулах, төрийн байгууллагын шийдвэр, заавар, журмыг геологич, гишүүд, олон нийтэд хүргэх, сурталчлах;
  3. Геологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжтэй болгох;
  4. Геологийн салбарын боловсролын байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, геологич, гишүүд, дэмжигчдийг мэргэшүүлэх, давтан сургах, төрөл бүрийн хурал, зөвлөлгөөн, сургалт, хээрийн аялал зохион байгуулах;
  5. Бүх төрлийн геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, сурталчлах, судалгааны ажлын дүрэм, журам, заавар, норм стандартыг боловсруулах, уралдаан тэмцээн, сургалт, семинар хийх;
  6. Холбоо нь геологичдын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн баталгааг хангуулах, хөдөлмөрийг урамшуулах, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, геологийн салбартай холбоотой талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах;

 

1.4 дүгээр зүйл. Үйл ажиллагаандаа баримтлах зарчим

  1. Монгол Улсын хуулийг дээдлэн аливаа улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байж, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг явуулна.
  2. Гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хүндэтгэж дотоод ардчилалтай байна.
  3. Холбооны үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, гишүүддээ тэгш үйлчилж, зохион байгуулах арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдэд гишүүдийн оролцох бололцоог хангана.
  4. Холбоо нь хараат бус дотоод хяналттай байна.
  5. Гишүүд болон олон нийтийг үндэслэлтэй, үнэн бодит, шинжлэх ухаанч мэдээлэл, мэдлэгээр хангана.
  6. Гишүүдийнхээ мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, бусдаас суралцах, мэдээлэл солилцох боломжоор байнга хангана.
  7. Холбоо нь геологийн салбарын оролцогч талуудыг холбох гүүр байна.
  8. Үйл ажиллагаандаа уламжлал, шинэчлэлийг хослуулна.

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

 

2.1 дүгээр зүйл. Холбооны гишүүнчлэл

  1. Холбоо нь гишүүнчлэлтэй байна.
  2. Холбоо нь хүндэт, жинхэнэ болон дэмжигч гишүүнтэй байх бөгөөд хуулийн этгээд гишүүнээр элсэж болно.
  3. Холбооны гишүүнээр элсэхийг хүссэн иргэн, хуулийн этгээд нь өргөдлийн маягтыг бөглөж гишүүнээр элсэнэ.
  4. Өргөдөл гаргагч нь Холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, тухайн жилийн татвараа төлснөөр гишүүний эрх, үүрэг үүснэ.
  5. Нийт гишүүний бүртгэлийг Холбооны тамгын газар (цаашид “Тамгын газар” гэх) хариуцна.

 

2.2 дугаар зүйл. Хүндэт гишүүн

  1. Геологийн салбарт 20-иос дээш жил үр бүтээлтэй ажилласан болон Холбоог санаачлан байгуулалцсан, Холбооны үйл ажиллагаанд их хувь нэмэр оруулсан, санхүүгийн дорвитой дэмжлэг үзүүлсэн хүнийг Холбооны хүндэт гишүүнээр бүртгэн авч болно.
  2. Хүндэт гишүүнд нэр дэвшигчийг Холбооны Тамгын газраас тодорхойлж, хүндэт гишүүнээр бүртгэх эсэхийг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
  3. Хүндэт гишүүн нь татвар төлөхгүй бөгөөд Холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцох эрхтэй.
  4. Хүндэт гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
  5. Хүндэт гишүүн нь Холбоог төлөөлөхгүй.
  6. Хүндэт гишүүн нь Холбооны Их хурлын төлөөлөгч байна.
  7. Хүндэт гишүүн нь энэ дүрмээр тухайлан зааснаас бусад тохиолдолд жинхэнэ гишүүнтэй адил эрх эдлэж үүрэг хүлээнэ.

2.3 дугаар зүйл. Жинхэнэ гишүүн

  1. Жинхэнэ гишүүн дараах эрхтэй. Үүнд:
    • Холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;
    • Холбооны үйл ажиллагааны тухай мэдээлэл, бусад материалтай танилцах, авах;
    • Санал, хүсэлт, гомдол гаргах, шийдвэрлүүлэх;
    • Холбооны үйл ажиллагаатай холбоотой журам, бусад шийдвэрийн төсөл санаачлах;
    • Холбооны харьяалах бүтцийн байгууллагад хэлэлцэж буй асуудлаар санал өгөх;
    • Холбооноос зохион байгуулсан хурал, семинар, зөвлөлгөөнд оролцох, мэдээлэл авах;
    • Холбооноос явуулж буй арга хэмжээнд давуу эрхтэйгээр эхний ээлжинд оролцох, үнийн тодорхой хөнгөлөлт эдлэх;
    • Мэргэжлийн болон бусад чиглэлээр сургууль, дамжаанд хамрагдах, элсэхэд тодорхойлолт авах болон бусад асуудлаар дэмжлэг хүсэх;
    • Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
  2. Жинхэнэ гишүүн дараах үүрэгтэй. Үүнд:
    • Холбооны дүрэм, геологийн мэргэжлийн дүрэм болон Холбооноос гаргасан журмыг дагаж мөрдөх;
    • Холбооны үйл ажиллагаанд оролцох, Холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
    • Холбооны нэр хүндийг эрхэмлэж, удирдах байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд энэхүү дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцох;
    • Гишүүний татвараа хугацаанд нь төлөх;
    • Гишүүний буруутай үйл ажиллагааны улмаас Холбоонд учруулсан бодит хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлөх.
  3. Холбооны гишүүн хуулийн этгээд нь хууль, энэхүү дүрмээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд жинхэнэ гишүүний эрх эдлэж үүрэг хүлээнэ.
  4. Холбооны гишүүн хуулийн этгээд нь санал, хүсэлт, гомдлоо Удирдах зөвлөлд гаргана.
  5. Энэ дүрмийн хүрээнд Холбооны гишүүн хуулийн этгээд нь Холбоотой хэрхэн харилцах болон Холбоо нь гишүүн хуулийн этгээдэд үзүүлж болох үйлчилгээний талаар Удирдах зөвлөл журам гаргаж болно.

 

2.4 дүгээр зүйл. Дэмжигч гишүүн

  1. Дэмжигч гишүүн нь энэ дүрмийг хүлээн зөвшөөрсөн Холбооны үйл ажиллагааг дэмжих сонирхолтой геологи, уул уурхайн салбарын бус хүмүүс, оюутан залуус, хуулийн этгээд байж болно.
  2. Дэмжигч гишүүн нь Холбооны үйл ажиллагаа болон салбарын тухай мэдээллээр үнэ төлбөргүй хангагдана.
  3. Дэмжигч гишүүний татвар хөнгөлөлттэй байна.
  4. Дэмжигч гишүүний татварын хөнгөлөлтийн хэмжээг Удирдах зөвлөл жил бүр тогтооно.
  5. Дэмжигч гишүүн нь Холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд үнийн тодорхой хөнгөлөлт эдэлж болно.
  6. Дэмжигч гишүүн нь Холбооны үйл ажиллагаатай танилцах эрхтэй.
  7. Дэмжигч гишүүн нь Холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцох болон аливаа асуудлаар холбооны гишүүний саналын эрх эдлэхгүй.

 

2.5 дугаар зүйл. Гишүүний эрх, үүрэг дуусгавар болох, түдгэлзүүлэх

  1. Дараах тохиолдолд гишүүний эрх, үүрэг дуусгавар болно. Үүнд:
    • Гишүүний эрх нь дуусгавар болсон;
    • Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
    • Өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзах саналаа бичгээр гаргасан;
    • Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон;
  2. Дараах тохиолдолд гишүүний эрх, үүргийг түдгэлзүүлнэ. Үүнд:
    • Тухайн жилийн гишүүний татвараа хугацаанд нь төлөөгүй;
    • Холбооны эсрэг үйл ажиллагаа явуулсан буюу оролцсон байж болох үйлдлийг шалгаж тогтоох хүртэл,
    • Гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан;
    • Энэхүү дүрмээр хориглосон зүйлийг хийсэн;

 

2.6 дугаар зүйл. Холбоо болон түүний гишүүнд хориглох зүйл

  1. Холбооны гишүүнд хориглох зүйлс:
    • Өөрт эрх олгогдоогүй асуудлаар Холбоог төлөөлж мэдэгдэл хийх, үйл ажиллагаа явуулах;
    • Тодорхой албан тушаал эрхэлж буй гишүүн нь Холбооны дотоод мэдээлэл, байгууллагын нууцыг задруулах;
    • Холбооны үйл ажиллагаатай ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох;
    • Холбооны нэр хүнд, өмч хөрөнгийг хувийн ашиг сонирхолд ашиглах;
  2. Холбоонд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно;
    • Холбооны зорилгод нийцээгүй аливаа үйл ажиллагаа;
    • Улс төрийн болон шашны үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах;
    • Холбоог хуваах, тусгаарлах, нэгтгэх, нийлүүлэх зорилгоор аливаа үйл ажиллагаа явуулах;
    • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Холбооны нэрийн өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх;
    • Хууль болон энэхүү дүрмээр хориглосон бусад зүйл.

 

2.7 дугаар зүйл. Гишүүний татвар

  1. Холбоо нь гишүүний татвартай байна.
  2. Холбооны гишүүний жилийн татварын хэмжээг Удирдах зөвлөл тогтоох ба тодорхой үндэслэлийг гишүүдэд мэдээлнэ.
  3. Гишүүний татварыг жил бүр төлнө.
  4. Гишүүн өөрөө хүсвэл гишүүний татварыг урьдчилан төлж болох ба урьдчилан төлсөн хугацаанд татварын хэмжээнд өөрчлөлт орвол зөрүүг нөхөж тооцохгүй.
  5. Татвар төлөх журам, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын хөнгөлөлт үзүүлэх болон бусад асуудлыг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ИХ ХУРАЛ

 

3.1 дүгээр зүйл. Холбооны их хурал, түүний бүрэн эрх

  1. Холбооны удирдах дээд байгууллага нь Холбооны их хурал (цаашид Их хурал гэх) байна.
  2. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    • Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах;
    • Хяналтын болон Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх;
    • Холбооны үйл ажиллагааны хэтийн бодлого, зорилтыг тодорхойлох, стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах;
    • Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах:
    • Хууль болон энэхүү дүрэмд заасан бусад бүрэн эрх.

 

3.2 дугаар зүйл. Ээлжит ба Ээлжит бус их хурал

  1. Холбооны ээлжит болон ээлжит бус их хурлын тов, хэлэлцэх асуудлыг хурал эхлэхээс 21 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
  2. Холбооны ээлжит их хурлыг 5 жил тутам зарлан хуралдуулна.
  3. Ээлжит болон ээлжит бус их хурлын тов, хэлэлцэх асуудлыг Удирдах зөвлөл тогтооно.
  4. Их хурлын төлөөлөгчдийн тоо нь жинхэнэ болон хүндэт гишүүдийн 25 хувиас багагүй байна.
  5. Удирдах зөвлөл нь Их хурлын даргад нэр дэвшүүлж төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.
  6. Их хурлын даргыг сонгосны дараа хурлын дэгийг тогтооно.
  7. Холбооны Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх санал хураалтыг хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу явуулна.
  8. Их хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба тогтоолд Их хурлын дарга гарын үсэг зурж, Холбооны тамгыг дарснаар хүчин төгөлдөр болно.
  9. Дараах тохиолдолд ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна. Үүнд:
    • Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар;
    • Удирдах зөвлөлийн гишүүний олонхи нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд Хяналтын зөвлөл Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр;
    • Хяналтын зөвлөлөөс ээлжит бус Их хурал хуралдуулахыг шаардаж уг шаардлагыг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь хүлээн авч шийдвэр гаргасан;
    • Холбооны жинхэнэ гишүүдийн 25 хувиас дээш тооны гишүүн бичгээр санал гаргасныг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи хүлээн авснаар;

 

3.3 дугаар зүйл. Их хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах

  1. Удирдах зөвлөлийн шийдвэрээр оруулсан хэлэлцэх асуудлын жагсаалтыг Их хурлаар хэлэлцэж батлана.
  2. Их хурлын төлөөлөгч төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцүүлэх саналыг Их хуралд гаргаж болох ба саналын эрхтэй нийт төлөөлөгчийн олонхийн дэмжлэг авбал тухайн асуудлыг Их хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж батална.
  3. Удирдах зөвлөлийн баталсан хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар Их хурал тодорхой шийдвэр гаргахгүй байж болно. Энэ тохиолдолд уг асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

3.4 дүгээр зүйл. Тооллогын комисс, түүний эрх, үүрэг

  1. Холбооны Удирдах зөвлөлөөс Их хурлын тооллогын комиссын гишүүдийн тоог тогтоох ба Гүйцэтгэх захирлаас нэр дэвшүүлж болно.
  2. Их хурлаас сонгогдсон тооллогын комиссын анхдугаар хуралдаанаар комиссын даргыг олонхийн саналаар сонгоно.
  3. Тооллогын комиссын дарга, гишүүдээс Холбооны удирдлагад нэр дэвшсэн тохиолдолд Тооллогын комиссын гишүүнээс чөлөөлнө.
  4. Тооллогын комисс дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
  • Шаардлагатай үед Их хурлын ирцийн мэдээг Их хурлын даргад гаргаж өгөх;
  • Их хурлын санал хураалтад оролцогчдын ирцийг тогтоож, Их хурлын даргад мэдээлэх;
  • Их хуралд оролцож санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой тайлбар өгөх;
  • Санал өгөх журмыг тайлбарлах;
  • Санал өгөх журмын хэрэгжилт болон хуралд оролцогчдын санал өгөх эрхийг хангах;
  • Санал хураалтыг санал авах хуудсаар явуулж байгаа тохиолдолд саналын хуудсыг тоолж, хүлээн авах;
  • Санал хураалтын дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх;
  • Саналыг тоолж, дүнг нэгтгэн, энэ тухай шийдвэр гаргаж, тооллогын комиссын даргын гарын үсгээр баталгаажуулан Их хуралд танилцуулах;
  • Ашигласан саналын хуудсыг Холбооны архивт хадгалуулахаар шилжүүлэх;
  • Нууцаар санал хураах тохиолдолд төлөөлөгч саналаа чөлөөтэй өгөх нөхцөл, боломжийг бүрэн хангах;
    1. Тооллогын явцтай холбоотой маргаан гарсан тохиолдолд тооллогын комиссыг шинээр сонгож хяналтын тооллого явуулж болно;

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

4.1 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, чиг үүрэг

  1. Их хурлын чөлөөт цагт Холбооны эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл байна.
  2. Удирдах зөвлөл нь Холбооны үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болно.
  3. Удирдах зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа Их хуралд тавих бөгөөд Их хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
  4. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ Удирдах зөвлөлийн хурлаар хэрэгжүүлнэ.
  5. Хуулийн этгээдийг Холбооны гишүүнээр элсүүлэх, холбооны орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ.
  6. Холбооны мөнгөн болон бусад эд хөрөнгийг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
  7. Удирдах зөвлөлийн хурлыг цаг тухайд нь тогтмол хийж Холбооны үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг хүлээнэ.
  8. Холбооны гадаад харилцааг хөгжүүлнэ.
  9. Стратеги төлөвлөгөөг үндэслэн Холбооны жил, улирлын ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг нь дүгнэнэ.
  10. Нэг удаагийн шинжтэй хэрэгжих арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн нарийвчилсан төсөл, төлөвлөгөөг батлах, ажлын хэсэг байгуулах,санхүүжүүлэх хандив цуглуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг хүлээнэ.

 

4.2 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн бүрэн эрх

  1. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхтэй. Үүнд:
    • Холбооны бодлогын баримт бичгийг боловсруулах, албажуулах;
    • Тамгын газрын бүтэц, орон тоог батлах, ажилтны цалингийн хэмжээг тогтоох;
    • Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, огцруулах;
    • Холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;
    • Холбооны их хурлыг зарлан хуралдуулах;
    • Их хурлаар хэлэлцүүлэх асуудал болон дүрмийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж шийдвэр гаргах;
    • Гишүүний татварын хэмжээ, хөнгөлөлтийг тогтоох;
    • Олон улсын мэргэжлийн холбоо, ассоциацид гишүүнээр элсэх, хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар шийдвэр гаргах;
    • Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих;
    • Холбооны орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;
    • Холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх;
    • Удирдах зөвлөлийн гишүүн болон Ерөнхийлөгчийг нөхөн сонгох;

Удирдах зөвлөлийн гишүүн болон Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг нөхөн сонгох;

(2019 оны 11-р сарын 29-нд МГХ-ны VI чуулганаар өөрчлөлт оруулсан)

    • Гишүүний эрхийг дуусгавар болгох, түдгэлзүүлэх;
    • Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулах, түүний зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүнийг батлах;
    • Дүрэмд заасан бусад бүрэн эрх.

 

4.3 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

  1. Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй байна. Үүнд Холбооны ерөнхийлөгч багтана.
  2. Холбооны ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн хуралдааныг даргална.
  3. Удирдах зөвлөлөөс Холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг томилох ба түүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.

Удирдах зөвлөлөөс Холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг томилох ба түүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.

(2019 оны 11-р сарын 29-нд МГХ-ны VI чуулганаар өөрчлөлт оруулсан)

  1. Ерөнхийлөгчийн эзгүйд Удирдах зөвлөлийн хурлыг Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга даргална.

 

4.4 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн гишүүний эрхзүйн байдал

  1. Удирдах зөвлөлийн гишүүнийг Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.
  2. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь Холбооны жинхэнэ гишүүн байна.
  3. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь геологи, уул уурхайн салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан дадлага, туршлагатай хүн байна.
  4. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь бусад ижил төстэй геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан байж болохгүй.
  5. Өмнөх их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл болон Их хурлын төлөөлөгчид Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
  6. Их хурлын тооллогын комисс нь Удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эхний 25 нэр дэвшигчээр тасалбар болгон нэрсийн жагсаалтыг гаргана.
  7. Тооллогын комиссын шийдвэрээр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад орсон нэр дэвшигчид Их хурлын дэгийн дагуу илтгэл тавьж болно.
  8. Хэрэв нэр дэвшигч илтгэл тавих бол тухайн илтгэлд нэр дэвшигчийн товч намтар, танилцуулга, өөрийн хүсэлтээр нэр дэвших эсэх талаар тусгана.
  9. Олон сонголтод саналын хуудсаар хамгийн олон санал авсан 15 нэр дэвшигчийг Удирдах зөвлөлд сонгогдсонд тооцно.
  10. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх 5 жил байх бөгөөд хоёроос дээш удаа улиран сонгогдохгүй.
  11. Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс өөр цалин, аливаа шагнал авахгүй.
  12. Удирдах зөвлөлийн гишүүн нь олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим нийтлэлд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй асуудлаар мэдэгдэл хийх эрхгүй.

 

4.5 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болох, чөлөөлөх, огцруулах

  1. Дараах тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болно. Үүнд:
    • Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
    • Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
    • Шүүхээс ял шийтгэл авсан;
  2. Дараах тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлнө. Үүнд:
    • Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
    • Эрүүл мэндийн болон хүндэтгэх бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
    • Гадаадад нэг жилээс дээш хугацаагаар явах болсон;

 

  1. Нэг жилд хуралдсан Удирдах зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш удаа оролцоогүй, холбооны нэр хүндийг илтэд, ноцтой унагах, гутаан доромжлох үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зөвлөлийн гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар огцруулна.

 

4.6 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох

  1. Удирдах зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд Холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд нэр дэвшүүлэх эрхтэй.
  2. Удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох Удирдах зөвлөлийн хурлын ирц нийт гишүүдийн дийлэнх олонхоор бүрдэнэ.
  3. Удирдах зөвлөлийн гишүүнийг хоёр үе шаттай нөхөн сонгож болно.
  4. Санал хураалтаар дийлэнх олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаар шинээр сонгогдсон гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.
  5. Удирдах зөвлөлийн хурлаар нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрх нь Холбооны дараагийн ээлжит Их хурал хүртэл үргэлжилнэ.

 

4.7 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурлын тов

  1. Удирдах зөвлөлийн хурал хуралдуулах шийдвэр, хурлын зар, хэлэлцэх асуудлын жагсаалтыг Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гаргана.
  2. Удирдах зөвлөлийн хурал хуралдуулах тухай шийдвэрт тусгах зүйл. Үүнд:
    • Хурал хуралдуулах газар, өдөр, цаг;
    • Хурлын хэлэлцэх асуудал, агуулга;
    • Хуралд бэлтгэх явцад гишүүдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт;
  3. Тамгын газар Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичиг, материалыг бэлтгэнэ.

 

4.8 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал

  1. Удирдах зөвлөлийн хурлыг түүний гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцно. Дүрэмд заасан тодорхой нөхцөлд Удирдах зөвлөлийн хурлын ирцийг дийлэнх олонхоор бүрдүүлж болно.
  2. Удирдах зөвлөлийн хуралд гишүүд тэгш эрхтэй оролцоно.
  3. Их хурлаас шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг тухайн хуралд оролцогчдоос хамгийн ахмад настай гишүүн нь даргална.
  4. Шинээр бүрдсэн Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар Холбооны Ерөнхийлөгч болон Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгоно.
  5. Удирдах зөвлөлийн хурал хувь хүнтэй холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж шийдвэрлэнэ.
  6. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байна.
  7. Удирдах зөвлөлийн хурлын тогтоолд тухайн хурлыг даргалсан хүн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
  8. Удирдах зөвлөлийн хурал ээлжит болон ээлжит бус байна.
    • Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хоёр сар тутам, жилд зургаагаас доошгүй удаа зарлан хуралдуулна.
    • Ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
    • Удирдах зөвлөлийн ээлжит хурлын товыг Холбооны тухайн жилийн төлөвлөгөөнд заавал тусгасан байна.
  9. Хуралд оролцох гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчтай урьдчилан тохиролцсоноор цахим болон теле-конференцийн хэлбэрээр оролцож болно.
  10. Шийдвэрлэх асуудлаар хуралдаан даргалагч болон гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй байвал энэ тухайгаа тайлбарлаж хуралдааныг даргалах болон санал хураалтанд оролцохоос түдгэлзэнэ.
  11. Хуралдааныг даргалагч Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх хүнийг томилж ажиллуулна.
  12. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдааны ирц, хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгасан байна.
  13. Хурлын дараа ажлын 3 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргаж, Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсэг зурах бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна.
  14. Тодорхой асуудлаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурал хийж болно.
  15. Удирдах зөвлөлийн гишүүн тайлбараа бичгээр гаргаж болно, тухайн бичгээр гаргасан тайлбарыг хурлын тэмдэглэлд заавал хавсаргана.
  16. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дараагийн хурлын товыг тусгаж болно.

 

 

ТАВДУГААР БҮЛЭГ. ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

 

5.1 дүгээр зүйл. Ерөнхийлөгчид тавих шаардлага

  1. Геологийн салбарт мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан байх;
  2. Гэмт хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлгүй байх;
  3. Бусад ижил төстэй геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан биш байх;
  4. 60 нас хүрээгүй байх;

 

5.2 дугаар зүйл. Ерөнхийлөгчийг сонгох

  1. Удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос холбооны Ерөнхийлөгчийг сонгоно.
  2. Холбооны Eрөнхийлөгчийг сонгох Удирдах зөвлөлийн хурлын ирцийг дийлэнх олонхоор бүрдүүлнэ.
  3. Холбооны Eрөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн хурлаар, Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
  4. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Холбооны их хуралд, хэрэв их хурал өндөрлөсөн бол Удирдах зөвлөлийн хуралд тангараг өргөнө.
  5. Хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч нь бүрэн эрхээ баталгаажуулахдаа: "Хуулийг дээдлэн сахиж, Монголын геологийн холбооны дүрмийг мөрдлөг болгон, геологичидын нийтлэг эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад геологийн шинжлэх ухаан, судалгааг хөгжүүлэхийн төлөө Монголын геологийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж байна" хэмээн тангараг өргөнө.
  6. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр өмнөх ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болно.
  7. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

 

5.3 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн эрх үүрэг

  1. Ерөнхийлөгч дараах бүрэн эрхтэй. Үүнд:
    • Геологийн салбарын хөгжлийн асуудлаар Удирдах зөвлөлтэй зөвшилцөн гадаад, дотоод харилцаанд Холбоог төлөөлөх;
    • Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу гадаад харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулах;
    • Удирдах зөвлөлийн хурлыг даргалах;
    • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Удирдах зөвлөлд чиглэл өгөх;
    • Стратеги төлөвлөгөөг сурталчлах, хэрэгжүүлэх;
    • Удирдах зөвлөлийн хурлаар стратеги төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилтийг тогтмол хэлэлцүүлэх;
    • Хууль болон дүрмээр олгосон бусад бүрэн эрх;
  2. Ерөнхийлөгч нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс өөр цалин, аливаа шагнал авахгүй;

 

5.4 дүгээр зүйл. Хүндэт ерөнхийлөгч

  1. Холбооны Хүндэт ерөнхийлөгч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан;
    • Геологийн салбарт 20-иос дээш жил ажилласан;
    • 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх;
  2. Холбоо нь 3 хүртэл хүндэт ерөнхийлөгчтэй байж болно.
  3. Удирдах зөвлөл нь Хүндэт ерөнхийлөгчийг томилно..
  4. Хүндэт ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 10 жил байна.
  5. Хүндэт ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхтэйгээр оролцож болно.
  6. Хүндэт ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн хурлын ирцийг бүрдүүлэхгүй.
  7. Хүндэт ерөнхийлөгч нь холбооны үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
  8. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Холбоог төлөөлж болно.

 

5.6 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох, чөлөөлөх

  1. Дараах тохиолдолд ерөнхийлөгчийг чөлөөлнө. Үүнд:
    • Чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлийн хуралд бичгээр гаргасан бол Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр;
    • Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон
    • Ял шийтгэл авсан;
    • Эрүүл мэндийн болон хүндэтгэх бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
    • Гадаадад нэг жилээс дээш хугацаагаар явах болсон;
    • Бүрэн эрхийн хугацаа дууссан;
  2. Дараах тохиолдолд ерөнхийлөгчийг огцруулна. Үүнд:
    • Холбооны нэр хүндийг ноцтой унагасан үйлдэл хийсэн;
    • Удирдах зөвлөлийн хурлын дийлэнх олонхи ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж уг дүгнэлтийг Хяналтын зөвлөл дэмжсэн;
  3. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох, чөлөөлөх, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэж, нөхөн сонгох ажлыг Удирдах зөвлөл зохион байгуулна.
  4. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, чөлөөлөх, огцруулах, нөхөн сонгох Удирдах зөвлөлийн хурлын ирцийг дийлэнх олонхоор бүрдүүлнэ.
  5. Нөхөн сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Удирдах зөвлөл батламжилна.
  6. Нөхөн сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараагийн ээлжит их хурлаар сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл үргэлжилнэ.

 

 

5.7 дугаар зүйл. Ерөнхийлөгчийг түр орлох

  1. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн орлон гүйцэтгэж болно.Энэ шийдвэрийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр Удирдах зөвлөл гаргана.
  2. Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Удирдах зөвлөл сонгоно.
    • дугаар зүйл. Дэд Ерөнхийлөгч
  3. Холбоо нь 1-5 хүртэл дэд ерөнхийлөгчтэй байж болно.
  4. Дэд ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгох ба бүрэн эрхийн хугацаа 5 жил байна, мөн хугацаанаас өмнө чөлөөлж болно.
  5. Удирдах зөвлөлийн гишүүн дэд ерөнхийлөгч байж болно.
  6. Дэд Ерөнхийлөгч дараах эрхтэй байна. Үүнд:
    • Дэд ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхтэйгээр оролцож болно.
    • Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн асуудлаар Холбоог төлөөлж болно.
  7. Дэд Ерөнхийлөгч дараах үүрэгтэй байна. Үүнд:
    • Дэд Ерөнхийлөгч нь холбооны үйл ажиллагаанд оролцоно.
    • Жил бүр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  8. Санхүүгийн дэмжлэгийн доод хэмжээг удирдах зөвлөл тогтооно.

(2019 оны 11-р сарын 29-нд МГХ-ны VI чуулганаар нэмэлт оруулсан)

 

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨЛ

 

6.1 дүгээр зүйл. Зөвлөхүүдийн зөвлөлийн чиг үүрэг

  1. Холбооны үйл ажиллагаа, түүний хэрэгжүүлэх төсөл санаачлах, арга аргачилал, удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлж, Холбооны үйл ажиллагаанд дүгнэлт гаргаж зөвлөмж өгнө.
  2. Зөвлөхүүдийн зөвлөл нь 9 гишүүнтэй байна.
  3. Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнийг холбооны хүндэт гишүүдээс Удирдах зөвлөлийн шийдвэрээр 5 жилийн хугацаагаар сонгоно.
  4. Зөвлөхүүдийн зөвлөл нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд Холбооны нэрийн өмнөөс мэдэгдэл хийх эрхгүй.
  5. Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд саналын эрхтэй оролцоно.

 

6.2 дугаар зүйл. Зөвлөхүүдийн зөвлөлийн хурал

  1. Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ.
  2. Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлын даргыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар 2 жилийн хугацаагаар сонгоно.
  3. Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлын дарга нь Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байж болно.
  4. Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлын шийдвэр нь санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

 

7.1 дүгээр зүйл. Хяналтын зөвлөл

  1. Холбоо нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу Холбооны хөгжлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, эд хөрөнгө, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх Хяналтын зөвлөлтэй байна.
  2. Хяналтын зөвлөлийн тогтоол, дүгнэлт нь Холбооны гишүүд болон олон нийтэд нээлттэй байна.

 

7.2 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа, чиг үүрэг

  1. Хяналтын зөвлөл нь дараах чиг үүрэгтэй. Үүнд:
    • Холбооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;
    • Дүрмээр зохицуулах, зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх;
    • Холбооны нягтлан бодох бүртгэл холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх, татварын болон санхүүгийн тайлан, бусад мэдээлэл, эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалтын үнэн бодит байдалд хяналт тавих;
    • Холбооны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, бусад мэдээлэлд тулгуурлан холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, дотоод мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох саналыг Их хуралд оруулах;
    • Холбооны салбар нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  2. Хяналтын зөвлөл дээрх чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
    • Холбооны улирал, жилийн санхүү, татварын болон бусад тайлан, тэнцлийг саадгүй авах, шалгах;
    • Холбооны хөрөнгө, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох баримт бичгийн бүрдэлт, бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөнд хяналт тавих;
    • Санхүүгийн тухайн жилийн төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хянах
  3. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд жилд хоёр удаа хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж үнэлгээ, дүгнэлт өгнө.

 

7.3 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, байгуулах журам

  1. Хяналтын зөвлөл нь 5 гишүүнтэй байх ба тэдгээрийн нэгээс доошгүй нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байна.
  2. Хяналтын зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо олонхийн саналаар 5 жилийн хугацаатай сонгож, Их хурал томилно.
  3. Хяналтын зөвлөлийн гишүүдийг Холбооны их хурлаар олонхийн саналаар томилж, чөлөөлнө.
  4. Хяналтын зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох асуудлыг Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлаар, дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

7.4 дүгээр зүйл. Хяналтын зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд баримтлах зарчим

  1. Холбооны нэгдмэл эрх ашиг, сонирхлыг Холбооны бүтцийн бусад байгууллагын эрх ашиг, сонирхлоос дээгүүр тавих;
  2. Үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлж, аливаа сөрөг нөлөөлөлд автахгүй байх;
  3. Үйл ажиллагаандаа үнэн зөв, шударга, бодитой хандах;

 

7.5 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн гишүүн

  1. Хяналтын зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Геологи, уул уурхайн салбарт 10-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай, эдийн засаг, санхүү, хууль эрхзүйн мэдлэг эзэмшсэн байх;
    • Сүүлийн 5 жилийн хугацаанд Холбооны хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаагүй;
    • Ёс зүйн зөрчлийн улмаас хариуцлага хүлээж байгаагүй;
  2. Дараах албан тушаалтан Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдохыг хориглоно. Үүнд:
    • Холбооны Ерөнхийлөгч;
    • Удирдах болон Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн;
    • Орон нутаг дахь салбарын зохицуулагч;
    • Холбооны гүйцэтгэх захирал, ажлын албаны гишүүн, ажилтан;
  3. Гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс өөр цалин, аливаа шагнал авахгүй.

7.6. дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн гишүүний бүрэн эрх

  1. Бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
  2. Бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн ээлжит их хурлаар Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн сонгогдтол үргэлжилнэ.
  3. Дараах нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд Хяналтын зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос нь өмнө чөлөөлж болохгүй. Үүнд:
    • Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан;
    • Хяналтын зөвлөлийн гишүүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;
    • Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас үүрэгт ажлаа 6 сараас дээш хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болсон;

 

7.7 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн хурал

  1. Хяналтын зөвлөлийн хурлыг шаардлагатай асуудлаар хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Хяналтын зөвлөлийн дарга тогтоох ба хурал болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
  2. Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
  3. Хяналтын зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь тогтоол, дүгнэлтийн хэлбэртэй байна. Анхан шатны журмаар шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хяналтын журмаар хэлэлцсэн асуудлаар дүгнэлт гаргана.

 

7.8 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг

  1. Холбоо, түүний орон нутаг дахь салбарын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг шалгах, тэдгээрийн үйл ажиллагаанд хамаарах аливаа баримт бичиг, цахим хэлбэрээр хөтөлсөн бүхий л баримт бичигтэй танилцах, шаардаж авах;
  2. Хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа мэдээ, мэдээллийг Холбооны удирдлага, албан тушаалтан, ажилтнаас авах;
  3. Холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны хяналт, шалгалтыг жил тутам 2 удаа хийх;
  4. Шалгалтын ажлын үр дүн, тайланг тухай бүр болон жил бүрийн ажлын тайлангийн хамт Удирдах зөвлөлд танилцуулах;
  5. Шаардлагатай тохиолдолд Хяналтын зөвлөлийн дийлэнх олонхийн саналаар Хяналтын зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар тусгайлан шинжээч хөлслөн авах эрхтэй. Шинжээчийг сонгох эрхийг Хяналтын зөвлөл эдлэх ба зардлыг Холбоо хариуцна.
  6. Холбооны удирдах албан тушаалтнууд Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.
  7. Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын бүхий л үйл ажиллагаа, Холбооны аж ахуй, санхүүгийн тайланг Холбооны их хуралд танилцуулна.

 

 

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР БОЛОН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

 

8.1 дүгээр зүйл. Тамгын газар

  1. Холбоо нь түүний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх тамгын газартай байна.
  2. Тамгын газрын бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг Удирдах зөвлөл  тогтооно.
  3. Тамгын газар нь гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн, бусад гэсэн 3-аас доошгүй үндсэн орон тоотой байна.
  4. Тамгын газар нь дараах баримт бичгийг хадгалах үүрэгтэй. Үүнд:
    • Холбооны дүрэм, түүнд орсон нэмэлт өөрчлөлт;
    • Улсын бүртгэлийн гэрчилгээ;
    • Холбооны тамга, тэмдэг
    • Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдох материал, тогтоол, бусад баримт бичиг;
    • Холбооны санхүүгийн тайлан, баримт, бусад материал.
  5. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг гишүүд, олон нийтэд нээлттэй байлгах үүргийг Тамгын газар хүлээнэ.
  6. Холбооны орон нутаг дахь салбарыг аргазүйн удирдлагаар хангана.
  7. Тамгын газрын ажиллагсдын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг Холбоо хүлээхгүй.

 

8.2 дугаар зүйл. Гүйцэтгэх захиралд тавих шаардлага, түүнийг томилох

  1. Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид тавих шаардлага. Үүнд:
    • Удирдах ажлын туршлагатай, геологийн салбарт 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан байх;
    • Санхүүгийн зохих мэдлэгтэй байх;
    • Гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байгаагүй;
  2. Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн гишүүн байж болно.
  3. Гүйцэтгэх захирал нь Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхийлөгч байж болохгүй.
  4. Гүйцэтгэх захирал нь Холбооны үйл ажиллагааг үл хүндэтгэсэн буюу дутуу дулимаг гүйцэтгэсэн, хариуцсан үүрэгт ажлаа биелүүлээгүй, нас барсан, 6 сараас дээш хугацаагаар гадаадад явах болсон, хүсэлт гаргасан, энэ дүрмийг илтэд зөрчсөн тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж Гүйцэтгэх захирлыг шинээр томилно.
  5. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийг төлөөлж Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах ба үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана.

 

8.3 дугаар зүйл. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа, чиг үүрэг

  1. Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Холбоог төлөөлөх зэргээр Холбооны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
  2. Гүйцэтгэх захирал нь дараах чиг үүрэгтэй. Үүнд:
    • Иргэн, хуулийн этгээд болон бусад байгууллагатай харилцахад Холбоог төлөөлөх;
    • Гүйцэтгэх захирал Тамгын газрыг удирдаж Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
    • Холбооны стратеги төлөвлөгөө болон Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан ажлын төлөвлөгөө, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх;
    • Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Гүйцэтгэх удирдлагатай холбоотой ажлыг гүйцэтгэх;
    • Холбооны жилийн төсвийг боловсруулж Удирдах зөвлөлийн хуралд өргөн мэдүүлэх;
    • Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл болон захиргааны ажилтан нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах;
  3. Гүйцэтгэх захирал нь улирал тутам Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

 

 8.4 дүгээр зүйл. Мэдээллийн ажилтны эрх, үүрэг

  1. Мэдээллийн ажилтан нь Холбооны мэдээлэл, холбоо харилцаа, олон нийттэй харилцах асуудлыг эрхлэнэ.
  2. Холбооны гишүүдийн нарийвчилсан бүртгэл, нэр, хаягийн лавлагааг бэлтгэнэ.
  3. Сургалт, семинар, бүтээлийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хурал, туршлага солилцох уулзалтыг олон чиглэлээр зохион байгуулна.
  4. Холбооны дэргэд цахим мэдээллийн сан бий болгож, гишүүд хоорондоо мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлнэ.
  5. Холбооны гишүүн байгууллага болон хувь гишүүдийг ажилд зуучлах цахим биржийг өөрийн цахим хуудаст тулгуурлан ажиллуулна.
  6. Холбооны хөгжлийн стратеги төлөвлөгөөнд нарийвчлан заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  7. Холбооны эд хөрөнгийг хариуцаж тооллого, бүртгэлийг хөтлөнө.

 

8.5 дугаар зүйл. Захиргааны ажилтны эрх, үүрэг

  1. Холбооны захиргааны ажилтан нь Холбооны санхүү бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан, балансыг зохих хугацаанд нь гаргана.
  2. Холбооны бичиг хэргийг хөтөлнө.
  3. Холбооны стратеги төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг гүйцэтгэж зохион байгуулна.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

9.1 дүгээр зүйл. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

  1. Холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг Тамгын газар болон мэдээллийн ажилтан хариуцаж ажиллана.
  2. Холбоо нь өөрийн ном, хэвлэл, сэтгүүлтэй байна.
  3. Холбоо нь үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөний зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байнгын ажиллагаатай цахим хуудастай (web site) байна.
  4. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй, түргэн шуурхай сурталчлах, гишүүд, дэмжигчдийг мэдээллээр хангах зорилгоор олон нийтийн цахим сүлжээг ашиглана.
  5. Холбоо нь хэвлэлийн бодлого болон цахим мэдээллийн журамтай байх бөгөөд уг журмыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтооно.
  6. Холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх захирал нь зөвхөн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар төрийн байгууллага, олон нийтэд албан ёсны мэдэгдэл хийж болно.
  7. Холбоо нь өөрийн мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Үүнд телевиз, радио студи багтана.

9.2 дугаар зүйл. Холбооны дэргэдэх сайн дурын клуб

  1. Холбоо нь сайн дурын клубуудтэй байж болох бөгөөд Тамгын газар нь Холбооны гишүүд, дэмжигчдийг клубуудэд эвлэлдэн нэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  2. Клуб нь гишүүдийн мэргэжил, хүсэл сонирхол, нас, хүйсийн онцлогт тулгуурлана.
  3. Клуб нь хууль болон Холбооны дүрэмд үл харшлах үйл ажиллагаа явуулна.
  4. Клуб нь өөрийн оноосон нэр, эмблем, тугтай байж болно.
  5. Клуб нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй.
  6. Клубээс зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг Тамгын газар болон Гүйцэтгэх захиралд урьдчилан танилцуулсан байна.
  7. Клуб нь зохицуулагчтай байж болно. Зохицуулагчийг клубын гишүүд өөрсдөө сонгох болон тэдний санал болгосноор Гүйцэтгэх захирал томилж болно.

9.3 дугаар зүйл. Шинжлэх ухаан боловсролыг дэмжих

  1. Холбоо нь геологийн шинжлэх ухаан, боловсролын байгууллагыг хөгжүүлэх үйл ажиллагаанд бүх төрлийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
  2. Холбоо нь геологийн эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, зөвлөлгөөн, сургалт, хээрийн аялал зэргийг хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусгаж зохион байгуулна.
  3. Холбоо нь дөрвөн жилд нэг удаа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

9.4 дүгээр зүйл. Судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх

  1. Холбоо нь бүх төрлийн геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, сурталчлахдаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллана.
  2. Геологийн хээрийн судалгааны ажилд мөрдөх дүрэм, журам, заавар, зөвлөмж, норм стандарт боловсруулах, өөрчлөх, шинэчилэх ажилд Холбоо онцгой анхаарч ажиллана.
  3. Холбоо нь бүх төрлийн геологийн судалгаа, хээрийн судалгаа хийж байгаа геологичид, салбарын ажилчдын нэгдмэл ашиг сонирхол, хууль ёсны эрх хэмжээг хамгаалах, сурталчлах ажлыг хийнэ.
  4. Холбоо нь хээрийн аялал, уралдаан тэмцээн, сургалт, семинарыг зохион байгуулна.

9.5 дугаар зүйл. Төрийн байгууллагатай харилцах

  1. Холбоо нь өөрийн дүрэм, үйл ажиллагааны зорилгод нийцсэн чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компанитай хамтран ажиллахыг чухалчилж, үйл ажиллагааны, санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг авах талаар хэлцэл хийх, санамж бичиг үзэглэх, гэрээ байгуулж болно.
  2. Төрийн байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран ажиллана.
    • Геологийн салбарт мөрдөгдөх хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах;
    • Геологийн судалгааны заавар, журам, стандарт боловсруулах, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих, сургалт зохион байгуулах, зөвлөмж, гарын авлага гаргах;
    • Төрийн зарим чиг үүргийг дэмжиж ажиллах, хамтран болон итгэмжлэл авч хэрэгжүүлэх;
    • Геологичид болон салбарын ажиллагчдыг төрийн дээд цол, шагналд нэрийг дэвшүүлэх, тодорхойлох;
    • Геологич, геологийн салбарын инженер, техникийн ажиллагчдын мэргэшсэн байдлыг үнэлж магадлан итгэмжлэх, гэрчилгээ олгох;
    • Төрийн байгууллагын тушаал, шийдвэрийг цаг алдалгүй гишүүд, олон нийтэд хүргэх, сурталчлах;
    • Холбооны дүрэмд нийцэх бусад хэлбэрээр;

 

9.6 дугаар зүйл. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  1. Холбоо нь дотоод, гадаадын мэргэжлийн холбоодтой Холбооны дүрэм болон стратеги төлөвлөгөөнд нийцсэн чиглэлүүдээр хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
  2. Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
  3. Холбооны ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн шийдвэр, энэхүү дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар Холбоог төлөөлж хэлцэл хийх, гэрээ байгуулах үйл ажиллагааг эрхлэн явуулна.
  4. Ерөнхийлөгчийг эзгүйд энэхүү дүрмийн 9.6 дугаар зүйлийн 2-т заасан асуудлаар Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга эсвэл Гүйцэтгэх захирал орлож болно.
  5. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны аливаа гэрээ, хэлцэл нь холбогдох хууль, Холбооны дүрэм, үйл ажиллагааны чиглэл, зорилгод харшлаагүй байна.
  6. Холбооны бие даасан бүрэн эрх, хуулийн этгээдийн эрхэд халдах аливаа гэрээ хэлцэл хийхийг хориглоно.
  7. Холбоо нь олон улсын ижил чиглэлийн мэргэжлийн холбоо, байгууллагын гишүүн байж болно.
  8. Холбоо нь гадаад орнуудын мэргэжлийн холбоо, байгууллагатай хамтран ажиллахад нь монголын геологийн байгууллагуудад туслалцаа үзүүлнэ.

 

9.7 дугаар зүйл. Санхүү, бүртгэл

  1. Хууль дүрэм болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон санхүүгийн тайлан, бүртгэлийг Холбооны гүйцэтгэх захирал болон захиргааны ажилтан хариуцаж ажиллана.
  2. Холбооны удирдах зөвлөлийн хуралд зориулж тухайн жилийн үйл ажиллагаа, санхүү бүртгэл, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгийн талаар тайлан гаргаж дараа оны эхний 2 сард багтаан хүргүүлэх ажлыг Тамгын газар хариуцна.
  3. Удирдах зөвлөлийн хурал нь Холбооны жил, улирлын санхүүгийн тайланг тогтмол хэлэлцэж байна.
  4. Жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар шалгуулж баталгаажуулна.
  5. Холбооны орлогыг хуульд заасан эх үүсвэрээс бүрдүүлж, зөвхөн дүрэмд заасан чиглэл зорилгоо хэрэгжүүлэхэд зарцуулна.

 

9.8 дугаар зүйл. Салбар нэгж

  1. Холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор салбар нэгж байгуулан ажиллуулж болно.
  2. Салбар нэгж байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
  3. Холбооны салбар нэгж нь өөрийн оноосон нэр, харилцах данс, тэмдэг, логотой байж болно.
  4. Салбар нэгжийн үйл ажиллагааг Холбооны гүйцэтгэх захирал болон Тамгын газраас удирдан чиглүүлнэ.
  5. Салбар нэгж нь зөвхөн Холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
  6. Салбар нэгж нь зохицуулагчтай байх ба зохицуулагчийг Холбооны гүйцэтгэх захирал томилно.

 

АРАВДУГААР БҮЛЭГ. БУСАД

 

10.1 дүгээр зүйл. Шагнал урамшуулал

  1. Холбоо нь геологичид болон геологийн салбарын ажиллагчдын ажил үйлсийг алдаршуулах, урамшуулах бодлого баримтлана. Холбоо нь өөрийн шагнал урамшуулал олгох журамтай байх ба уг журмыг Удирдах зөвлөлийн хурлаар батална.
  2. Төрийн дээд шагнал, одон медаль, алдар цолд тодорхойлох, Холбооны нэрэмжит шагнал урамшуулал олгох шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурал гаргана.
  3. Монголын геологийн салбарт онцгой амжилт гаргасан болон холбоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст дараах шагналыг олгоно. Үүнд:
    • Геологийн салбарт 20-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж, судалгаа, шинжилгээний бүтээл, туурвил нь Монгол Улсын эдийн засаг болон геологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, онцгой амжилт гаргасан хүнд Монголын геологийн холбооны дээд шагнал "Манлай Геологич" цол тэмдэг, үнэмлэх олгоно;
    • Геологийн салбарт 10-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, хамт олноо манлайлан салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, ажил мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн түвшин нь өсч буй хүнийг "Шилдэг геологич" хүндэт тэмдгээр шагнаж, үнэмлэх олгоно;
    • Монголын геологийн холбоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, ахмадууд, гадаадын иргэд, эрдэмтэн судлаачид, холбооны гишүүд, дэмжигчдэд холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Эрдэнэс" тэмдэг, үнэмлэх олгоно;
  4. Холбоо нь геологийн судалгааны шилдэг бүтээлд олгох "Очир-Эрдэнэ", "Алтан Алх", "Есөн Эрдэнэ", "Эрдэнэсийн хишиг" "Оюун түлхүүр" шагналтай байх ба эдгээр шагнал нь үнэмлэх, хүндэтгэлийн тэмдэг, мөнгөн урамшуулалтай байна.
  5. Дүрэмд зааснаас бусад шагнал урамшуулал, өргөмжлөл, цом зэргийг Гүйцэтгэх захирлын шийдвэрээр олгоно.

10.2 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

  1. Монголын геологийн холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгыг батлах асуудлыг ээлжит болон ээлжит бус Их хурал шийдвэрлэнэ.
  2. Дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулга нь Их хурлаар батлагдсанаар хүчин төгөлдөр болно.

10.3 дугаар зүйл. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах

  1. Холбоог татан буулгах шийдвэрийг Их хурал гаргана.
  2. Холбоог хууль болон Холбооны дүрэмд заасан үндэслэлээр татан буулгана.
  3. Холбоог татан буулгах шийдвэрт холбооны хөрөнгийг хэрхэх талаар тусгана.

 

Энэ дүрмийг Монголын геологийн холбооны

V Чуулганаар хэлэлцэн Улаанбаатар хотод батлав.

2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр

 

------оОо------