МГХ Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй: Геологийн ойн баярын мэндийг дэвшүүлье

Thumbnail

МГХ Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй: Геологийн ойн баярын мэндийг дэвшүүлье

2021-10-15 geosociety1996 1621 0 Мэдээ

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга, Монголын геологийн холбооны  ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө Монгол Улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 82 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

-Баярлалаа. Энэ долоо хоногт Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 82 жилийн ой, Монголын ууган холбоодын нэг  Геологийн холбооны түүхт 25 жилийн ой тохиож байна. Гол онцлог нь хоёр их ой зэрэг тохиож буйд оршино. Бид салбарынхаа ойтой хамтатгаад Монголын геологийн холбооны 25 жилийн ойг аль болох өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр салбарынхаа хэмжээнд зохион байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд явж байна.

 

-Хоёр ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байна вэ? Мэдээж цар тахлын улмаас төлөвлөсөн ажлууд бүрэн дүүрэн хэрэгжихэд хүндрэл учирч байгаа? Гэхдээ та бүхэн ямар боломж бололцоог ашиглаж байна вэ?

 

-Бид хамтдаа цар тахалтай тулгараад хоёр дахь жил рүүгээ орж байна. “Ковид-19” халдвар олон улс оронд маш олон хүндрэл үүсгэж байгаа ч бид салбарынхаа хамт олны дуу хоолой болж явдгийн хувьд өргөн хүрээнд тэмдэглэхээр  зорин орчин үеийн дэвшилтэт технологи буюу онлайныг түлхүү ашиглаж үйл ажиллагаагаа явуулахыг хичээж байна.  Онлайн уулзалт дэвшилттэй ч учир дутагдалтай зүйл харагдсан. Нүүр нүүрээ харж, халуун яриа өрнүүлэх боломжгүй гэдэг утгаар нь би ингэж хэлж байгаа юм. Гэхдээ бид шантралгүй баярын уур амьсгалыг мэдрүүлчих юмсан гэж хичээн ажиллаж байна.  Энэ ойн арга хэмжээний хүрээнд онлайн уулзалтыг зохион байгуулах хамтарсан комисс байгуулж, улмаар комиссын хүрээнд нэлээд ажил төлөвлөсөн боловч цар тахалтай холбоотойгоор зарим ажил хийгдэх боломжгүй болж байх шиг байна. Гэсэн хэдий ч чөлөөт ярилцлагыг 3 долоо хоногийн турш өргөн хэмжээнд явуулж ирлээ. Цаашдаа ч үргэлжилнэ. Мөн гэрэл зургийн уралдаан зарласан. Энэ мэт геологийн салбараа сурталчлах нэлээд хэдэн ажил хийж байгаа. Мөн 10 дугаар сарын 14-нд эрдэм шинжилгээний бага хурлыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Ойн баяраараа Богд уулын явган аяллыг уламжлал ёсоор  зохион байгуулна. Гол нь зорилго нь дархан цаазат уулынхаа геологийн тогтоцын талаарх сонирхолтой мэдээллийг оролцогсдод хүргэхийг хичээдэгт оршдог.  Өмнө нь ойн баяраараа салбарынхан маань цугларч хүндэтгэлийн зоог барьдаг барьдаг байсан боловч энэ ажил цар тахлаас болоод цуцлагдаж байна. Гэхдээ салбарынхаа мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд дэм болгох зорилгоор хотын ойролцоо нээгдсэн аль нэг ордтой танилцуулах экскурсыг зохион байгуулахаар төлөвлөсөн зэрэг олон ажил төлөвлөсөн. Ихэнхийг нь хэрэгжүүлэхээр зүтгэж байгаагаа хэлэхэд таатай байна. Энэ дашрамд дурдахад, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл нь төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлуудыг эхлүүлээд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ucgam.com сайтаас авах боломжтой. Та бүхэнтэйгээ хамтран ажиллахдаа таатай байх болно.

 

-Коронавирусын халдварын улмаас олон ажил саатлаа. Танай салбарын ажилд ч мэдээж том саад бэрхшээл учирсан байх. Сэргэх шинж байна уу?

 

-Цар тахал бол ганц манай улсын биш дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа том асуудал. Хүчээ нэгтгэж, чармайн нэгдэж байж л даван туулна. Байдлыг харвал бид цар тахлаас бүрэн салахгүй юм шиг байна. Дасан зохицож ажил, амьдралаа зохицуулахаас өөр аргагүй болж байна даа. Ингээд нийт Монголынхоо геологичид, энэ салбарын нийт ажилтнууд, гэр бүл, үр хүүхдэд нь геологийн баярын мэнд хүргэе. Монгол Улс улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Д.Дорж

Сэтгэгдэл үлдээх