БНСУ-ын геологийн холбооны (GSK) 80-р чуулган 2025 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Чэжү аралд амжилттай зохион байгуулагдлаа.
БНСУ-ын геологийн холбооны (GSK) 80-р чуулган болон БНСУ-ын геологийн холбоодын намрын хамтарсан хурал “Геологийн шинжлэх ухаанаар дамжуулан бэрхшээлийг даван туулах нь: Аюулгүй тогтвортой ирээдүйг Геологи шийднэ” уриан дор 2025 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Чэжү аралд амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн 50 гаруй орны 900 орчим геологич, судлаачид оролцож шинэ технологи, арга аргачлал, мэдлэг, туршлагаа хуваалцаж хэлэлцүүлсэнээрээ онцлог хурал боллоо.
Монголын геологийн холбоо 15 хүний бүрэлдэхүүнтэй тус хуралд оролцсон бөгөөд шинэ туршлага судалж, мэдлэгээ нэмэгдүүлэн, салбарын гадаад харилцаагаа өргөжүүлсэн ач холбогдолтой хурал болж өнгөрсөнийг цохон тэмдэглэж байна.
Хурлын үеэр Монголын геологийн холбооны гишүүд болох МУИС-ийн ШУС, ГГТ-ийн профессор Х.Уламбадрах болон МНРИК ХХК-ийн ахлах геологич Л.Дагва-Очир нар илтгэл хэлэлцүүлсэнээс гадна, холбооны судлаач гишүүдийн ханын илтгэлүүдийг нийт оролцогчдод танилцуулсан.
3 өдрийн турш танхимаар хуралдсан хурал өндөрлөж, сүүлийн өдөр оролцогчид Чэжү арлын геологийн тогтоцтой танилцах сонирхолтой хээрийн аялалд оролцож, олон улсын судлаачидтай санал бодлоо солилцлоо.
БНСУ-ын геологийн холбооны (GSK) 80-р чуулган болон БНСУ-ын геологийн холбоодын намрын хамтарсан хуралд манай холбооноос гадна ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.
Монголын геологийн холбооны зүгээс хурлыг амжилттай зохион байгуулсан Солонгосын геологийн холбоо болон Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.
                        
    








Сэтгэгдэл үлдээх